Төмөр замын анхны автобус болох рейлбус Толгойтоос Амгалан хүртэлх чиглэлд өнгөрсөн зургадугаар сарын 6-наас нийслэлийнхэнд үйлчилж эхэлсэн. Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгахад бага ч болов хувь нэмрээ оруулах зорилготой тус унааг иргэд өндөр үнэтэй гээд ойшоогоог үйгээс алдагдалтай ажиллах болсон. Иймээс рейлбусын чиглэлийг өөрчилж, энэ сарын 20-ноос Дархан-Уул, Улаанбаатарын хооронд явуулж байгаа. 136 хүний суудалтай, 150-200 зорчигч тээвэрлэх багтаамжтай, агааржуулагчтай, цагт 100 км хурдлах чадалтай тус автобус яг метро шиг. Миний хүү зургаан настай. “Вагонд сууж үзье” гэж надаас мөн ч их шалсан. Улаанбаатар, Дархан-Уул аймгийн хооронд вагоноор явахад 7-8 цаг зарцуулдаг учраас хүүгийнхээ хүслийг биелүүлж амжихгүй байсан юм. Харин 3-4 цаг сүнгэнээд хүрчихдэг рейлбус зорчиж эхэлснээр нь хүүгийнхээ хүслийг биелүүлэх боломж олгов.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд рейлбусаар Дархан-Уул аймгийг зориод ирлээ. Зорчигч олон байсан нь алдагдалгүй ажиллаж байгааг илтгэнэ. Тав тухтай, саруулхан, бас шуурхай гэх мэтчилэн иргэд тун ам сайтай байна лээ. Магадгүй хүүхдээ дагуулсан эцэг, эх ч цөөнгүй байв. Тэд ч бас над шиг хүүхдийнхээ хүслийг биелүүлж байгаа бололтой.
Г.ЭРДЭНЭТУЯА