Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ нь “Үндэсний өгөх өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулдаг билээ. Тав дахь жилдээ тэмдэглэх гэж буй "Үндэсний өгөх өдөр”-өөр дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана. • Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц. Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар сонор мялаахад бэлэн боллоо. • Аравдугаар сарын 26-нд Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх 407-р ангид “Урам Хайрла” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг арга хэмжээнд хувь албан байгууллагуудаас цугларсан хувцас хунар, хүүхдийн хоол тэжээл, хувцас живх зэргийг хүмүүжигчдийн хүүхдүүдэд гардуулан өгч, йогын багш Б. Дэлгэртуяа эмэгтэйчүүдтэй дасгал хийн, дуучин Р. Номин, хуучир хөгжимчин П. Отгонбаатар нар ая дуугаа өргөлөө. • “Урам Хайрла Challenge” эхлүүлж, хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийнхээ үгсийг илэрхийлэхийг уриаллаа. Урам авсан хоёр хүн нь цаашаа тус бүр хоёр хүнд урам хайрлах үгсээ хэлэн, гинжин хэлхээ үүсэх юм. Энэ Challenge-ыг СГЗ, шог зураач С.Цогтбаяр эхлүүлж байна. • Өгөх Өдрийн хүрээнд Монгол ТВ-тэй хамтран “Зүрхийг бүлээцүүлэх Зуун захидал” аянг өрнүүлж байна. Тус ТВ-ын "Өнөө Өглөө" продакшнд хаяглан сэтгэлийн захиагаа бичиж болно.