Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэг дэмжлээ. Харин Засгийн газраас уг төсөлтэй хамт төсвийн алдагдлыг ДНБ-ий долоон хувьд хүргэх, улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэх, төсвөөс гадуур байгаа хэмээн шүүмжлэгдэж буй бондуудыг төсөвт оруулан тооцох агуулга бүхий төслүүд орж ирсэн ч Байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулснаар Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу өнгөрсөн тавдугаар сард баталсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллөө өөрчлөх шаардлагатай болсноор дээрх төслийг өргөн барьжээ. Ингэхдээ ДНБ-ий өсөлтийг 500 тэрбум төгрөгөөр бууруулж тооцсоноос өөр онцлох өөрчлөлт үгүй гэж буй.
Эл хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Сангийн яамныхны хэлж байгаа тоо үндэслэлтэй санагдахгүй байна. Та нар ердөө л ам хаасан тоо хэлээд байна. Өнгөрөгч хоёр, гурван жилийн төслвийн байдлаас харахад эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэх үү. Одоо 800 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа төсөв оны эцэст их наядаас давсан алдагдалтай болоход гайхах зүйлгүй. Одоо үүсээд буй нөхцөл байдлыг УИХ дахь эрх баригчид хийсэн. Тэд буруутай. 2013 оны төсөв хэлэлцэх үеэр эрх баригчид “За яах вэ, хоёрдугаар сард багтаагаад төсөвт тодотгол хийчихнэ” гэсэн. Дараа нь дөрөвдүгээр сард дахиад л тодотгоно гэсэн. Ингээд байдал хүндрээд ирэнгүүт наймдугаар сард Ажлын хэсэг байгуулж ажиллах дээрээ тулж байгаа юм. Ер нь бидний төсөвт хандаж буй хандлаганаас чинь бүх зүйл болж байна. “Өнөөдөр л болж байвал энэ нэг юмыг хурдхан батлаад салах юм сан” гэсэн хандлагаасаа салах ёстой юм шиг ээ. Найзан дундаа дүлэгнээд л, өнөөдөртөө баталчихъя, дараа засна гэх байдлаар төсөвт хандаж байна. Ирэх оны төсвөөс ердөө өр тавьж асуудлаа шийдье гэсэн философи харагдаж байна. Өөрөөр хэлбэл, улс орноо худалдая гэсэн агуулгатай төсөл байна. Өнөөдөр байгаа улс орны эдийн засгийн байдлаа хар л даа. Одоо эдийн засгийн бүх үзүүлэлт эсрэг гарч байна. Юун хөгжил ярих вэ. Эдийн засгийн хамгийн наадп захын энгийн үзүүлэлтүүдийн хүрээнд харахад л ийм байна шүү дээ. Төсөвт туссан төлбөрийн балансын алдагдлаа хэрхэн нөхөх арга нь төсөлд алга” гээд ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан бүх төслийг нэг нэгээр нь тусгайлан хэлэлцэх Ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм.
Харин төсвийн төсөөлөл, мэдэгдлийг дагалдуулан оруулж ирсэн хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх ёстой байсан юм гэдгийг С.Баярцогт гишүүн хэлж байсан. Тэрбээр “Эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байна. Гэтэл органик хуульд нь засвар хийлгүйгээр тухайлсан хуулиудад нь өөрчлөлт хийгээд үр дүнд хүрэхгүй. Төсвөөс гадуур байгаа хөрөнгө, санхүүгээ үнэн зөвөөр оруулж ирье, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөе гэхээр хэлэлцэхээс татгалзаад байдаг. Нэг гараараа дэмжиж байна гээд нөгөө гараараа дэмжихгүй гээд байгаатай ялгаа ялга. Бид ингэж өөрсдийгөө хуурсан зүйл батлаж байх шаардлага байна уу” гэсэн юм.