УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зарим гишүүний утасны дугаарыг ашиглан “Мобиком” корпорац, “Юнител” группийн үүрэн телефоны сүлжээгээр олон нийтэд мэдээлэл тараасантай холбогдуулан Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн ч зарим гишүүний саналаар хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно” хэмээн заасан хуулийн хэрэгжилтийг шалгах ажлыг Тусгай хяналтын дэд хороонд үүрэг болгохоор дээрх Ажлын хэсэг байгуулах тогтоолын төсөлд тусгажээ.