Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дүүрэг хөгжлийн төвөөс зарласан төсөлд 28 дугаар хорооны иргэдийн бүлгүүдийн төсөл шалгарчээ. Төслийн хүрээнд иргэдийн бүлгүүд тус төвөөс санхүүжиж, өөрсдийн нөөц, бололцоог ашиглан амьдарч буй орчноо сайжруулах юм. Тодруулбал, 28 дугаар хорооны “Хужирбулан хөгжил” ГӨХ-ны “Эвийн хүч”, “Золбоо-1”, “Золбоо-2” бүлгүүд Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах төслийн ажил хийж байна. Мөн “Хужирбулан мандах” ГӨХ-ны “Өгөөмөр”, “Бадрах”, “Сайн хөрш” бүлгүүд “Жишиг гудамж” төсөл дээр ажиллаж байгаа юм. Иргэдийн бүлгүүд гудамж, хүүхдийн тоглоомын талбай тохижуулахаас гадна мод тарьж, амьдрах орчноо өөрсдийн хүчээр бий болгож байгаагаараа энэ төсөл онцлог.