Булган аймгийн төвийн утааг багасгах зорилгоор ИТХ нь энэ онд 300 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд гэр хорооллын айлуудад бүрэн шаталттай, утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр олгож эхэлжээ. Тендерт “Их тэнгэрийн хүч” компани шалгарч, 800 зуух нийлүүлснийг Булган сумын ЗДТГ айлуудад хуваарилж байгаа аж. Эхний ээлжинд салхины дээд талын айлуудад буюу I, III, IV багт тус бүр 50, II, VI багт 300-330, V багт 20 зуух олгохоор боллоо. Энэхүү бүрэн шаталттай зуухны 290 мянган төгрөгийн үнэтэй жижгийг нь 45 мянга, 455 мянган төгрөгийн үнэтэй томыг нь 70 мянган төгрөгөөр иргэдэд хямдруулан өгч байна. Мөн аюулгүй байдлыг хангахын тулд зуух авсан айл бүртэй гэрээ байгуулан, зөвлөмж өгч байгаа гэнэ.