Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Нууцаа” хочит Н.Наранбаатар, хадам дүү О.Хишигбаатар, Ц.Батмөнх нар бүлэглэн хэд хэдэн аймгийн нутгаар дамжин банк, ломбард, дэлгүүр, үйлчилгээний төвийг ухан тонож байсан хэргийг Булган аймаг дахь Сум дундын IV шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Н.Наранбаатар нь өмнө нь мөн л хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд эхнэрийнхээ нэр дээр зээл авахуулан мөрийтэй тоглосон өрөө төлөх гэж хулгай хийсэн гэж мөрдөн байцаалт болон шүүхэд мэдүүлсэн байна. Дээрх хүмүүс 2012 оны арванхоёрдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын дэлгүүрээс хоёр сая гаруй, 2013 оны нэгдүгээр сард Булган аймгийн Булган сум дахь ломбардаас нэг сая, Сэлэнгэ аймгийн Сант сумын дэлгүүрээс таван сая, Өвөрхангай аймгийн д нэгэн дэлгүүрээс хоёр сая гаруй төгрөгийн үнэд хүрэх архи, гутал, булган шуба зэргийг хулгайлжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сум дахь “Хадгаламж” банкны салбар тооцооны төвийн дохиоллын системийг салгаж, хаалгыг нь эвдэн таван сая гаруй төгрөгтэй төмөр шүүгээг хулгайлахыг завдсан, Булган аймгийн Дашинчилэн сумын Хаан банкны салбараас 21 сая төгрөгтэй төмөр шүүгээг нь хулгайлахыг завдсан юм байна. Тэд ингэж явахдаа “Ниссан Вингроуд” маркийн автомашин хөлөглөж байсныг гэрчүүд харж, хууль хяналтын байгууллагынханд мэдэгдсэн төдийгүй, Н.Наранбаатарын гэрээс эд мөрийн баримт болох 2-3 шуудай гутал хураажээ. Анхан шатны шүүхээс удаа дараа бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Н.Наранбаатарт 11 жил, О.Хишигбаатарт 10 жил хоёр сар, Ц.Батмөнх нэг үйлдэлд нь оролцоогүй гэж үзээд 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.