БНХАУ-ын Өвөр Монголын цэргийн тойргийн командлагчийн орлогч, ахлах хурандаа Жин Инкуй тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд манай оронд ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй Монголын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд ноён, ахлах хурандаа Жин Инкуйг Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзлаа.
Албан ёсны уулзалтаар хоёр тал Монгол Улс-БНХАУ хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны хамтарсан “Талын манлайлагч” болон “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургууль дахь оролцоо болон энэ онд хийгдсэн бусад үйл ажиллагааныхаа талаар дүгнэн ярилцаж, цаашид хийхээр төлөвлөсөн арга хэмжээнийхээ талаар санал солилцсон юм.