Сэлэнгэ аймагт бөөрний архаг дутагдалтай, улсын болон хувийн эмнэлгийн хяналтад 13 хүн байдаг. Тэд бөөр орлуулах аппаратад орох гэж 311 км зам туулан нийслэлд ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг. Тэгвэл эдгээр иргэн орон нутагтаа зардал чирэгдэлгүй, цаг хугацаа хэмнэн эмчлүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, Бөөрний дутагдалтай 13 хүний нэг иргэн Т.Сүлдбаатарын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг Гемодиализын тасагтай болжээ. Аймгийн Засаг дарга, “Айвико” компани болон Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр ийнхүү бөөрний тасаг байгуулсан байна.