Элэгний С вирусийн эсрэг эмэнд жил бүр 34 тэрбум төгрөг зарцуулах уу
ДЭМБ элэгний С вирустэй өвчтөнүүдийг дөрвөн төрлийн аргаар эмчлэхийг заасан байдаг ба манай орны хувьд пегинтерферон, рибавирин, софосбувир эмийг хослон хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Тэгвэл АНУ-ын “Geliad Science” компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэх саналыг өнгөрсөн долдугаар сард ЭМЯ-нд тавьсан. Тэд хөгжиж буй орны амьжиргааны түвшин доогуур болон нэн ядуу иргэдэд элэгний С вирусийн эсрэг софосбувир эмийг хөнгөлөлттэй үнээр худалддаг юм. Харин манайд энэ эмийг оруулж ирэхдээ хэд хэдэн болзол тавиад буй. Үүнд софосбувирийг улсын бүртгэлдээ яаралтай бүртгэх, зардлыг нь 100 хувь Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлэх, үүгээр зөвхөн нэн ядуу иргэдийг эмчлэх, тодруулбал жилд 10-15 мянган иргэдийг хамруулах, бусад иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгохгүй байх, эмийн ханган нийлүүлэлт, хуваарилалт, түгээлтийг зөвхөн “Geliad Science” компани зохион байгуулах эрхтэй зэргийг тусгасан байдаг. Харин энэ эмийг манайх хараахан бүртгэж аваагүй, явц нь удаашралтай байгаа.
Зөвхөн софосбувир эмийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 34 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатайгаас гадна хавсран хэрэглэх зайлшгүй шаардлагатай хоёр эм бий. Мөн нэг иргэн зөвхөн шинжилгээнд хувиасаа дор хаяж 6.6 сая төгрөг зарцуулах тооцоог ХӨСҮТ гаргасан байна.