Нийслэлийн 375 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд “Их хотын хямдрал 375” өдөрлөг болон, үргэлжилж байна.
Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохиож буй тус өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулж байгаа юм. Тухайлбал:
“Дархан нэхий”, “Буян” компани өөрийн үйлвэрийн 100 нэр төрлийн барааг “BEST SHOES”, “Эксклюзив” ,компаниуд өөрийн бүтээгдэхүүндээ тус бүр 50 хувь, “Саян-Уул” компани мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм. Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 хувь, Үсчин,гоо сайхны газрууд хямдралтай тарифаар иргэдэд үйлчилж байна.
Энэхүү хямдралтай худалдааг нийслэлийн төв талбайгаас гадна дүүрэг бүрд зохиож байгаа юм. Тодруулбал,
-Хан-Уул дүүргийн тавдугаар хороо “Яармаг” худалдааны төвийн гадна талбайд
-Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо Цэрэндоржийн гудамж
-Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
-Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Байгаль эх цогцолборын гадна талбайд, 19 дүгээр хороо Ард Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд
-Чингэлтэй дүүрэг тавдугаар хороо Тусгаар тогтнолын талбайд, Баянзүрх дүүрэг дөрөвдүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд тус тус болж байна.
Энэ үеэр “НВЦ” компани таван метр диаметртэй хамгийн том Омлет хийж, амталгаа хийсэн бол Арьс ширний холбооноос Нийслэлийн ойг тохиолдуулан 375 хос арьсан бээлийг 50 хувийн хямдралтай худалдаалах зэрэг олон бэлэг иргэддээ барьж байв. Энэ өдөр Их эзэн Чингисийн талбай нийслэлчүүдийн хөл хөдөлгөөнд дарагдан, циркчид, баярын парад гээд өнгө өнгөөр солонгорсон, нүд хужирлах зүйлээр өнөр байлаа. Харин аж ахуйн нэгжүүдийн хямдралтай худалдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагынхан хяналт тавьж ажиллаж буй.
Энэ үеэр нийслэлийнхээ ойд хүрэлцэн ирж, баяраа тэмдэглэж байгаа иргэдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Дуурийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа
-Нийслэлийн 375 жилийн ой тохиож, нийслэлчүүдээрээ баярлаж байна. Танд баярын мэнд хүргье
-Маш их баярлалаа. Өнөөдөр нийслэлчүүд баяраа тэмдэглээд, байгууллагууд өөрсдийн мэддэг чаддагаа бусадтайгаа хуваалцаад, хямдрал худалдаа зарлаж, парадаа үзээд бүгдээрээ их сайхан байна. Иймэрхүү баярууд хааяа байх ёстой болов уу гэж бодож байна. Гэхдээ болж өгвөл жаахан дулаахан үеэр хийвэл яадаг юм бол гэж бодож байлаа. Учир нь өнөөдөр бага зэрэг жихүүн салхитай хүйтэн байна.
-Та ямар үйл ажиллагаанд оролцож байгаа вэ?
-Би дуурийн театрын параданд оролцоод явж байна. Манай дуурийн театрын уран бүтээлчид парад хийлээ.
-Таны бодлоор нийслэл сүүлийн жилүүдэд хэр өөрчлөгдсөн бэ. Бүтээн байгуулалтын хувьд ямар байгаа гэж та бодож байна?
-Нийслэлийн замууд их сайхан болсон боловуу гэж бодож байна. Их бүтээн байгуулалт хийж, нийслэл маань улам өнгө засч байна. Хоёр жилийн өмнөх замын бөглөрөө ямар байсан билээ. Одоо бол харьцангуй гайгүй боллоо.
-Дуурийн театрын парад их сайхан боллоо. Бэлтгэл ажил хэр явагдсан бэ?
-Бид нар нийслэлийнхээ ойд зориулж нэлээн бэлтгэл хийсэн. Машинаа чимэглэхээс авахуулаад их ажиллаа. Манайхан бүгдээрээ сэтгэлээрээ бэлтгэлээ хийцгээн, сайн ажиллацгаасан.
Д.Жаргалсайхан иргэн
-Нийслэлийнхээ иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалаа явуулж, үзвэр үйлчилгээ явагдаж байна. Сонирхоод л явж байна. Их сайхан болж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө нэмж, улам бүр хөгжиж байна.
М.Болорцэцэг гэрэл зургийг Мөнх-Эрдэнэ