УСУГ-ын харьяа нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, лаг цэвэрлэж байсан найман хүн хийнд хордсон талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Тэдний хоёр нь ГССҮТ-д ухаангүй, эмчлүүлж байгаа бол үлдсэнийг нь Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжүүлжээ. Тодруулбал, тус байгууламжийн лагийг цэвэрлэхээр худаг руу 20 орчим настай эрэгтэй ажилчин нь орсон байна. Лагийн худаг нь таван метрийн гүнд байдаг бөгөөд залуу хийнд цохиулж, шатаар өгсөх замдаа ухаан алдан унасан аж. Хамт ажиллаж байсан 30 орчим настай, эрэгтэй түүнийг аврахаар худаг руу ороод мөн хийнд цохиулж, тэд эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирсэн бол үлдсэн нь яаж байгаад хордсоныг хараахан тогтоогоогүй байна. Эл осол өчигдөр 16.00 цагийн орчимд гарсан бөгөөд бусдынх нь бие муу, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж.