“Одооны хүүхдүүд ном уншдаггүй” гэсэн ойлголт яагаад бий болсныг “Read” төслийнхөн тандаж, судалгаа хийжээ. Судалгаагаар номтой айл ховор, сургуульд ч ном хомсдолтой байдгаас хүүхдүүд ном уншдаггүйг олж мэдсэн байна. Сургуулийн номын санд хүүхдийн сонирхол татахуйц ном дээд тал нь таван ширхэг л байдаг. Мөн хүүхдүүдийн хүссэн ном ховор, номын санд карт нээлгэх, хүссэн номоо ирэхийг хүлээх, авлаа гэхэд гэртээ авч явж болдоггүй, номын сан нь шуугиантай гээд орчин нь бүрдэж өгдөггүй гэнэ. БШУЯ-аас “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч ном хүрэлцээгүй, сайн номууд ховор, үнэтэй байдаг тул тэр бүр хүүхдүүдийг номонд шимтүүлж чадахгүй байв. Иймээс БШУЯ-ны хамт олон хүүхдүүд нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номоо хүссэн цагтаа унших хэрэгтэйг олж харжээ. Энэ гарц нь ангийн номын сан юм. Өнгөрсөн жил бага ангиуд “Ангийн номын сан”-тай болсон бол энэ жил дунд ангиуд номын сантай болж байна. Тэд номтой болсон ч номтой харьцах соёл, номыг бүтээлчээр унших арга барил дутмаг байсан учраас БШУЯ Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч “Ном” хөтөлбөрийг бүх шатанд цэгцтэй зохион байгуулалттай хэрэгжүүлэх бодлого барьж ажилласан. Энэ хүрээнд өнгөрсөн жил бүх бага ангийн багш нарт болон хүүхдүүдэд сургалт хийж номын соёл заажээ. Харин энэ жил дунд ангийн багш нарт сургалт хийж дуусаад одоо хүүхдүүдэд дүүрэг бүрээр нь сургалт хийж байна. Тус сургалтад сургууль бүрээс найман хүүхэд оролцдог аж. Хүүхдүүд сургууль дээрээ очоод “Уншигчийн клуб” байгуулан, сурсан арга барилаараа хүүхдүүдийг татан оролцуулж үйл ажиллагаа явуулах гэнэ. Хүүхдүүд гарын авлага, тохимол яаж хийхийг заалгаж, клубээрээ цаашдаа юу хийх мөрийн хөтөлбөр гаргах зэрэгт суралцсан байна.