Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуягийг цагдаагийн байгууллагаас хориглосон эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр АНУ-аас “Beretta” маркийн хийн гар буу гурав, үрлэн сум 7000, хийн баллон 50, нулимс асгаруулагч хий 10-ыг компанийнхаа харуул хамгаалалтын албаны хэрэгцээнд зориулан энэ оны долдугаар сарын 3-нд оруулж ирсэн байжээ. Тусгай хэрэгслийг албан хэрэгцээнд ч байсан оруулж ирэхдээ зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж импортлох ёстой байдаг бөгөөд “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагын хувьд дээрх эд зүйлийг хилээр Монгол Улсад нэвтрүүлэх зөвшөөрөлгүй байж. Тиймээс Тээврийн прокурорын газраас А.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.Хэдийгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтрүүлсэн эд зүйлийг гаалийн байгууллагад шилжүүлж, Гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх болж, “ТэнүүнОгоо”- гийнхонд олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.