Эртний түүхт Хүн гүрэн, Эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улс, түүнээс хойш амьдарч ирсэн өвөг дээдэс минь бидэнд энэхэн газар нутаг дээр асар их баялаг үлдээсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд бид газрын хэвлийн үүцээ дэлгэхийн зэрэгцээ байгаль, ан амьтан руугаа хэрцгийгээр дайрч, өмнөд хөршийнхөндөө найр тавин өгсөөр хувхайрахдаа тулаад байгаа билээ. Хэдийгээр 2009 оноос хойш Байгаль орчны сайдын тушаалаар тарвага агнахыг, хилээр гаргахыг хоёр ч удаа хориглосон ч энэ шийдвэрийг зөрчигчид байсаар, сайдын тушаалын хэрэгжилтэд хяналт тавих ёстой цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан ч хууль бус ажилд гар бие оролцож байгаа нь харамсалтай. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаа болон Хэв журмын тасгийн цагдаа нар мэргэжлийн хяналтын байцаагчидтай нийлж, Завхан аймгийн иргэдээс хурааж авсан боодогныхоо нэлээд хэсгийг хувьдаа завшсан нь цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдож байсан. Гэвч АТГ-аас уг хэргийг хэрэгсэхгүй болгочихоод байгаа билээ. Прокурорын байгууллагад дээгүүр алба хашдаг нэгэн эрхмийн дүү нь уг хэрэгт холбогдсон болохоор хариуцлагаас мултрах арга амархан байсан биз. Уг нь хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх зарчимтай ч танил тал, ар өврийн хаалгатай бол хэн ч хариуцлагаас мултарч болдог байх нь. Харин танил талгүй нь Эрүүгийн хуульд зааснаар хариуцлагаа хүлээж байна. Ийм нэгэн хэргийн хавтсыг сөхье.
ТАРВАГАНЫ АРЬСНЫ КОНТРБАНДЧ ЭМЭГТЭЙН БАРИГДСАН ТҮҮХ
Монгол орны тарвага ховордох болсон нэг шалтгаан нь хууль бус агнууртай холбоотой. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий, Увс, Ховд аймагт 61690 тарвага агнах зөвшөөрөл 2001-2004 оны хооронд тухайн үеийн Байгаль орчны яамнаас олгож байж. Гэтэл тэр үед бараан зах дээр 587 мянга гаруй тарваганы арьс борлуулсан нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс 9.5 дахин их байсан аж. Зөвхөн баруун гурван аймагт хийсэн судалгааны дүн ийм байна. Тарвага манай орны нэлээд нутаг дэвсгэрт тархсан байсан билээ. Гэвч хулгайн анчдын зүй зохисгүй хядлагаар ховордсон амьтны жагсаалтад орж, хорио цээр тогтоосон. Ийм байтал тарваганы арьсны ченжүүд, боодогны наймаачдын балгаар тоо толгой нь улам ч цөөрсөөр байна. Тарваганы арьсны ченжүүд тарз ч байсан авч хил давуулж байгаа болохоор арга ч үгүй биз. Ийм нэгэн ченжүүдийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан орж шалгаад зохион байгуулалттай нэг том бүлэглэлийг илрүүлсэн аж. 2012 оны гуравдугаар сарын 19-20- нд шилжих шөнө 33-88 УНӨ улсын дугаартай “УАЗ-Фургон” маркийн автомашин өмнө зүгийг чиглэн гарч явахад нь Налайх дүүргийн нутагт Замын цагдаагийн ажилтнууд саатуулжээ. Энэ тухай хэргийг илрүүлсэн замын цагдаагийн зохицуулагч А.Баасанхүү “33-88 УНӨ улсын дугаартай “Фургон” машин нэлээд их хэмжээний эд зүйл ачсан бололтой, доошоо суусан байсан. Түүнийг зогсоож, жолоочийн бичиг баримтыг шалган, хаашаа ямар зорилгоор явж байгаа тухай асуухад “Өмнөговь аймгийн Гашуунсухайт руу явж байна. Дэлгүүрийн бараа авч явна” гэж машин дотор байсан хоёр залуу хэлсэн. Үзлэг хийх гэтэл түлхүүр байхгүй хэмээж байсан ч сүүлдээ гаргаж өгсөн” гэсэн. Цагдаагийн ажилтнууд уг машиныг саатуулан, бусад мэргэжлийн байгууллагынхантай хамтран үзлэг хийхэд иргэн С.Мөнхтөр, Ц.Батзориг, Б.Хадбаатар нар амыг нь төмөр утсаар боосон 15 шуудайтай тарваганы арьс ачиж явжээ.
Тарваганы арьснаас гадна заарт харх буюу иргэдийн нэрлэж заншсанаар ондатрын 63 боодол арьсыг хар гялгар уутанд ороон ачсан байв. Нарийвчилсан тооллого хийхэд тарваганы 4865, заарт хархны 2466 ширхэг арьс Н.Хүрэлсүх гэх танилынхаа арьс цуглуулдаг чингэлэгт хадгалж байснаа хил гаргахаар авч яваад баригдсан байна. Тухайн амьтдын экологиэдийн засгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тооцуулахад 35.4 сая төгрөг болсон аж. Тэдний тээвэрлэж явсан тарваганы арьсны 1474 нь I зэргийн том, 1225 нь II зэргийн, 909 нь III зэргийн буюу хөрс гүйцээгүй тарз арьс, 1257 нь мөндлийнх байжээ. Тэд Д.Төмөртогоо гэх эмэгтэйд уг арьсыг хүргэж өгөх гэж явсан нь энэ аж. Баянхонгор аймгийн харьяат Д.Төмөртогоо гэх эмэгтэй нь хилээр гаргахыг хориглосон арьсыг давуулах ажлыг гардан зохион байгуулдаг нэгэн бололтой. Цагдаагийнхан уг хэргийг үргэлжлүүлэн шалгах явцад Д.Төмөртогоо нь Б.Оюун-Эрдэнэ, Ж.Отгонсүрэн нараар зуучлуулан 2012 оны гуравдугаар сарын 23- нд М.Олзбат, Д.Төрбат нараар 54, Ж.Бадрал, Г.Занахүү, Л.Баянмөнх нараар 107 боодол тарваганы арьс Гашуунсухайт дахь боомтоор хил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан нь тогтоогджээ. Гэвч Улаанбаатарт С.Мөнхтөр тэргүүтэй “төлөөлөгчид” нь баригдсаныг мэдсэн Д.Төмөртогоо энэ ажлаа зогсоохын оронд Гашуунсухайтад цуглуулсан арьснуудаа яаравчлан хил гаргахыг зорьсон байх юм.
Энэ тухай хавтаст хэрэгт гэрч Б.Оюун-Эрдэнэ “Нөхрийн минь хамаатан Төмөртогоо эгч над руу утсаар залгаад “Эгч нь хотод байна. Цагаан хад сууринд тарваганы арьс аваачсан байгаа. Наад арьсаа хилээр гаргах хэрэгтэй байна. Арьснуудыг боож бэлтгээд гадна талаар нь скочоор ороогоод шуудайнд хийсэн байгаа” гэж хэлсэн. М.Олзбат гэх зүс таних залуутай уулзаж арьс гаргаж өгөөч гэж хэлтэл “Хэдий хэрийн мөнгө төлөх юм бэ” гэсэн. Тэгэхээр нь Төмөртогоо эгчээс утсаар үнэ ханшийг нь асуухад “Том тарваганы арьсыг 10, жижгийг нь таван юаниар бодож хөлс мөнгийг нь тооцох хэрэгтэй” гэлээ. 54 боодол тарваганы арьсыг М.Олзбатад өгсөн. Энэ явдлын дараа Төмөртогоо эгч утсаар “Улаанбаатарт С.Мөнхтөр нар тарваганы арьстай явж байгаад баригдсан. Мөнгө хэрэг болж магадгүй, наанаа байгаа арьсаа хурдан гаргах хэрэгтэй байна. Хятад руу тарваганы арьс гаргасан хойно Түмэн гэдэг өвөрмонгол хүнтэй утсаар ярь. Түүнд тарваганы арьсаа өгөөрэй” гэсэн. Ингээд контейнерт үлдсэн тарваганы арьсыг хилээр гаргах хүн хайж байтал нутгийн Бадрал ах тааралдаад “Арьсыг гаргаж өгч чадна” гэсэн. Ингээд түүний машинаар хил гаргуулсан” хэмээн мэдүүлжээ.
НҮҮРСЭН ДОР НУУЖ МОНГОЛЫНХОО БАЯЛГИЙГ ЗӨӨСӨӨР…
Хориглосон эд зүйл хил давуулахын тулд ченжүүд, зохион байгуулагчид маш олон арга хэрэглэдэг. Машины дугуй, шатахууны сав, чингэлэг дотор давхар хаалт хийх зэргээр уран нарийн арга хэрэглэдэг ч хилчид тэр болгоныг илр үүлэн гэмт үйлдлийг нь таслан зогсоож чаддаг. Гэвч сүүлийн үед гаальтай машин, нүүрс тээвэрлэдэг машинаар Монголын минь баялгийг өмнөд хөрш рүү зөөсөөр байна. Их хэмжээний нүүрсэн дор нуусан эд барааг шалгах рентген төхөөрөмж байдаггүйг контрбандчид овжиноор ашиглаж байгаа юм. Өгүүлж буй энэ хэрэгт “Энержи ресурс” компанийн гэрээт тээвэрлэгч “Транс Гоби” компанийн 48-31 ӨМА улсын дугаартай “Хово” маркийн хүнд даацын автомашинд ачсан нүүрсэн дор нууж, 54 боодол тарваганы арьс Гашуунсухайтын боомтоор хил нэвтрүүлсэн бөгөөд жолооч нь Д.Төрбат байжээ. Тэрбээр энэ талаар “Би машиндаа гагнуур хийгээд зогсож байтал М.Олзбат гэх зүс таних залуу ирсэн. Тэгээд “Тарваганы хэдэн ширхэг арьс нүүрсэн дороо нуугаад гаргачихаж болно биз дээ. Хөлсөнд нь 4500 юань өгье” гээд “Делика” маркийн машинд ачсан бараагаа надад өгсөн. Түүнийг нь гаргаж өгчихөөд буцаж ирсэн хойноо хөлсөө авсан” гэжээ.
Харин М.Олзбат “2012 оны гуравдугаар сарын 23-нд 54 боодол тарваганы арьсыг Д.Төрбаттай хамт хил нэвтрүүлсэн. Үүнийхээ хөлсөнд зуучлагч Оюун-Эрдэнээс 13500 юань авч, Төрбатад 945 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний юань өгсөн. Би хууль бус зүйл гэдгээ мэдэж байсан ч надад мөнгөний хэрэг болсон учраас энэ ажилд оролцсон” гэсэн байгаа юм. Нүүрс тээвэрлэдэг машин дор 54 боодол арьс нууж гаргасан бол гаальтай гэх машин дотор тарваганы 107 боодол арьс хил давуулж байхад гаалийнхан чив чимээгүй өнгөрөөсөн нь хачирхалтай. Харин БНХАУ-ын цагдаагийнхан үүнийг илрүүлэн зуучлагч Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг саатуулсан байна. Энэ тухай хавтаст хэрэгт Ж.Бадрал “Оюун-Эрдэнэтэй уулзахад хэдэн ширхэг тарваганы арьс хилээр гаргаад өгөөч гэж гуйсны дагуу том боодолтой арьсыг 200 юаниар, жижгийг нь 100 юаниар гаргахаар болсон” гэжээ. Тэд арьсыг 22-24 ӨМА, 44-81 УБЭ улсын дугаартай “УАЗ Фургон” маркийн машинаар хил гаргасан нь тогтоогдсон байна.
Б.Оюун-Эрдэнэ гэрчийн мэдүүлэгтээ “Төмөртогоо эгч утсаар “Хятад руу тарваганы арьсаа гаргаад Түмэн гэдэг өвөрмонгол хүнтэй холбогд” гэсний дагуу Ж.Бадрал ах хилээр гаргасан арьснуудаа нэг газарт хадгалсан байсан. Бид хил гараад нэгэн зочид буудлын өрөөнд Түмэнтэй уулзсан юм. Тэнд Түмэнгээс гадна Хо Шү Жин, Отгонсүрэн, Бадрал бид нар байсан бөгөөд Бадрал ах арьсаа тоолж хүлээлгэж өгөхөөр явсан. Энэ хооронд нь Отгонсүрэн бид хоёр буудалдаа хүлээж байгаад унтчихсан байв. Хаалга цохихоор нь сэрээд онгойлгож өгтөл Хятадын цагдаагийн ажилтнууд байсан. Тэгээд тус улсын хуулийн дагуу БНХАУ-ын шүүхээс 10 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны нэгдүгээр сарын 23-нд хугацаа дуусаж суллагдсан” гэжээ. Хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэргийг зохион байгуулагч Д.Төмөртогоо болон түүний гар хөл болсон хүмүүст холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хэлэлцэж, Б.Хадбаатар, Ц.Батзориг нарыг Ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр гурван жил нэг сар, М.Олзбат, Д.Төрбат, Г.Занахүү, Л.Баянмөнх, Ж.Бадрал нарыг хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, 200 мянган төгрөгтэй тэнцэх хөрөнгө хурааж, хоёр жил хорих ял шийтгэсэн байна. Хэдийгээр Д.Төмөртогоо энэ хэрэгт холбогдолгүй гэж мэдүүлдэг ч шүүх түүнийг хориглосон эд зүйл хилээр нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан нь хангалттай нотлогдож байна гэж үзэн 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө хурааж, гурван жил хоёр сар хорих ял шийтгэжээ. Мөн дээрх хүмүүсийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 44-81 УБЭ дугаартай “УАЗ Фургон”, 25-04 УНР улсын дугаартай “Истана”, 22-24 ӨМА улсын дугаартай “Фургон”, 45- 59 ӨМА улсын дугаартай “Фургон”, 27-93 ӨВР улсын дугаартай “Делика” маркийн машинуудыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна
Г.РАВЖАА