Манай улсын анхны металлургийн цогцолбор болох Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр уржигдраас дотоодын зах зээлд ширэм нийлүүлж эхэллээ. Уг үйлдвэр жилд 200.000 тн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай аж. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт байрлах төмрийн хүдрийн ордоос түүхий эдээ олборлож, төмрийн баяжмал, ангижруулсан төмөр, ширэм, барилгын арматур зэрэг бүтээгдэх үүн үйлдвэрлэх юм. Үйлдвэр байгуулах хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис” бондоос, Японы улсын Хөгжлийн банк, үйлдвэрийг байгуулж буй “Бэрэн групп” компаниас гаргажээ. “Бэрэн металл” компанийн гүйцэтгэх захирал Г.Баттулга “Манай улсад анх удаа домейн зуух бүхий ширэмний үйлдвэр ашиглалтад орууллаа. Ган хайлуулах, арматурын үйлдвэрээ ирэх жил барьж дуусгана.
Монгол Улс жилд 500.000 тонн арматур хэрэглэдэг. Үүний 100.000-120.000 тонныг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг нь импортолдог. Манай үйлдвэр ашиглалтад орсноор жилд 100.000 тонн арматур буюу дотоодын хэрэгцээний 30 хувийг хангах юм” гэлээ. Бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд хэрэгжсэнээр манай улсын төмрийн эрэлт өсөж, жилд нэг сая тоннд хүрэхээс гадна барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувь өсөх тооцоо бий. Манай улсын гангийн болон төмрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300.000 тонн, үүнийхээ 80 гаруй хувийг өмнөд хөршөөсөө импортолж буй. Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын зах зээлийн ихэнх хувийг дотоодоосоо хангадаг болгох зорилготой ажиллаж эхэлжээ.
Ч.ЗУЛ