Улаанбаатарт амьдарч буй гадаадын иргэд өөрсдийгөө болон хотын иргэдийг агаарын бохирдлоос хамгаалахад анхаарч байна. Тэдний нэг нь Япон улсад суугаа Монголын соёлын өрг өмжит консул Сато Норико юм. Тэрбээр ажлын шугамаар манай улсад байнга ирдэг бөгөөд өнгөрсөн аравдугаар сард ирээд буцахдаа хоолой нь өвджээ. Тэгээд нутагтаа эмчид үзүүлтэл “Та PM2.5, PM0.5 хортой бодисоор амьсгалсан байна. PM2.5 цочмог бронхит, багтраа зэрэг амьсгалын замын өвчин үүсгэдэг. PM0.5 нь гуурсан хоолойгоор дамжин цусан дахь хүчилтөрөгчийг нүүрст өрөгчийн давхар ислээр сольж, цаашлаад цусанд нэвтэрснээр зүрх болон зүрхний хавхлагад өвчин үүсгэх аюултай” гэж хэлсэн гэнэ. Сато Норико үүнийг сонсоод өдөр тутам ийм хортой бодисоор амьсгалж буй Улаанбаатарынханд санаа зовж PM2.5, PM0.5 тоосонцроос хэрхэн хамгаалж болохыг судалжээ. Ингээд Японд энэ оноос “Mask museum” корпорац ийм нарийн ширхэгт тоосонцроос хамгаалах амны хаалт үйлдвэрлэж байгааг мэдсэн байна.
Тэрбээр “Mask museum” корпорацын мэргэжилтэн Шоко Такеяаматай хамт Монголд ирж эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагын төлөөлөлтэй уулзаж, агаар дахь тоосонцроос хамгаалах амны хаалт танилцууллаа. Уг уулзалтад ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудыг урьсан ч ирээгүй байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар агаарын бохирдлоос болж 2012 онд долоон сая хүн нас барсан байна. Тэдний олонх нь уушигны хорт хавдраар өвчилжээ. Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс агаарын бохирдолд агуулагддаг микро тоосонцор PM2.5, PM0.5 нь иргэдийн нас баралтын шалтгаан болж байгааг зарласан аж. Японы эрдэмтэн Казуо Вакабаяаши 30 гаруй жил шүүлтүүр судалжээ. Уг судалгааны үндсэн дээр амьсгалын замын өвчин болон хорт бодисоос бүрэн хамгаалдаг бичил шүүлтүүртэй амны хаалт зохион бүтээсэн байна. Уг амны хаалт нь Хятад, Солонгос, Тайваньд үйлдвэрлэдэг ижил төрлийн бүтээгдэх үүнийг бодвол PM2.5, PM0.5-аас сайн хамгаалдаг нь туршилтаар нотлогдсон аж. Тиймээс Сато Норико монголчуудыг эрүүл мэндээ хамгаалаасай гэсэндээ уг амны хаалтыг монголчуудад санал болгохоор шийджээ.
Дэлхийн эрүүл мэндийн стандартыг хангасан, амьсгалахад хялбар, зүүхэд эвтэйхэн, бичил шүүлтүүртэй гээд олон давуу талтай уг бүтээгдэхүүн Ракү (хялбар), бичил, хүүхдийн гэсэн гурван хэмжээтэй. Нэг амны хаалтыг 10 хоног хэрэглэх боломжтой аж. Японд 350 иенээр зардаг уг амны хаалтыг Монголд 250 иенээр 190.000 ширхгийг нийлүүлэх боломжтой хэмээн Шоко Такеяама хэлсэн юм. Сато Норико “Монголбанкны ханшаар нэг иен 16 төгрөгтэй тэнцэж байна. Тиймээс Монголд нэг амны хаалтыг 4000 төгрөгөөр зарах юм. Нэг өдрөөр бодвол 400 төгрөг. Гэтэл эмийн санд зардаг нэг удаагийн даавуун амны хаалт 600 төгрөг байдаг. Даавуун хаалтны шүүлтүүр маш болхи бөгөөд агаарын бохирдол, амьсгалын замын өвчнөөс бүрэн хамгаалж чаддаггүй. Тиймээс холбогдох албан тушаалтан, хувь хүмүүс Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарч PM2.5, PM0.5 хорт бодисоос хамгаалдаг амны хаалтыг Монголд зарах талаар судлаасай гэж хүсэж байна” гэлээ.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ