Манай улсын хөнгөн үйлдвэрийн салбарын техник, технологи дэлхийн жишигт хүрснийг илэрхийлэхүйц томоохон үйл явдал уржигдар боллоо. Дотоодын хивсний зах зээлийн 95 хувийг хангадаг “Эрдэнэт хивс” компани дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн үйлдвэрлэлийн гурван төхөөр өмж ашиглалтад оруулав. Эдгээр нь Бельги улсын “Van de wiele” фирмийн “UCI03” маркийн нэхмэлийн машин, ХБНГУ-ын “Флейснер” маркийн ноос угаах тоног төхөөрөмж, нанотехнологийн аргаар даавуу үйлдвэрлэх “Finishing line BL 3200” машин юм. Тус компани Засгийн газрын үйлдвэржилтийн шинэ эринийг эхлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис” бондоос 22.4 тэрбум төгрөгийн санх үүжилт авч, өдгөө 13.6 тэрбум төгр өгөөр нь техникийн шинэчлэл хийгээд буй нь энэ аж.
Бидний мэдэх “Эрдэнэт хивс” хөгжлийн шинэ шатанд гарахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард бүтэц, зохион байгуулалтаа өөрчилсөн аж. Өдгөө “Натурал текстайл групп” гэх толгой компани нь “Эрдэнэт текс”, “Эрдэнэт хивс”, “Эрдэнэт кашмер”, “Орхон инженеринг менежмент” гэсэн дөрвөн охин компанитай үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 30 гаруй жилд 22.8 сая ам метр хивс үйлдвэрлэж, 52.3 хувийг дотоодын, үлдсэн хувийг нь гадаадын зах зээлд борлуулжээ. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор тэд 2000 оноос хойш шат дараалан хөрөнгө оруулалт хийсний дүнд өдгөө техник, технологийн түвшнээрээ дэлхийн жишигт хүрээд байна.
ЖИЛД 4400 ТН НООС УГААНА
Албан ёсоор ашиглалтад оруулсан эхний төхөөрөмж нь ХБНГУ-ын “Флейснер” маркийн ноос угаах машин байв. Жилд 4400 тн ноос угаах хүчин чадалтай энэ төхөөрөмж тус компанийн өмнө нь ашиглаж байсан машинаас нь 2.5 дахин илүү хүчин чадалтай, зургаан дамжлагатай аж. Мөн угаах явцад нь химийн нэмэлт боловсруулалт хийх боломжтой гэнэ. Үүнээс гадна ноосны ширхгийг гэмтээж, чанарыг нь муутгадаггүй тул уг төхөөрөмж нь дэлхийн жишигт нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс болж буй. Шалнаас 1200 метр өндөрт суурилуулсан тул засвар, үйлчилгээ хийхэд ч хялбар гэнэ.
УХААЛАГ ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
“Эрдэнэт кашмер” компани ШУТИС-тай хамтран, тус сургуулийн багш, доктор Р.Мядагмаагийн нанотехнологийн аргаар боловсруулсан даавуу үйлдвэрлэх аргыг амжилттай нутагшуулжээ. ХБНГУ-ын “Котема” фирмд зохион бүтээсэн нано боловсруулалт хийх “Finishing line BL 3200” машин суурилуулсан нь энэ аргыг ашиглах боломж бүрдүүлэв. Уг машин нь бүрэн автомат ажиллагаатай, бохир ус гаргадаггүй, дуу чимээ багатай зэрэг олон давуу талтай. Мөн эвдэрч гэмтсэн тохиолдолд өөрийгөө засварлах программтай гэнэ. Уг төхөөрөмжийг авчирч суурилуулах хөрөнгийг ШУТИС-иас гаргажээ. Нанотехнологийн аргаар боловсруулсан даавуу элэгдэл багатай тул хэрэглээний хугацаа урт, эдийн засгийн хэмнэлттэй, ус, чийг, нар салхи байтугай хүчил, шүлтэнд хүртэл тэсвэртэй, галд шатдаггүй гэнэ. Ийм хэрнээ агаар чөлөөтэй нэвтрүүлдэг учир ухаалаг гэж нэрлэсэн аж. Гандахгүй тул төрийн далбаа, эдэлгээ урттай тул үйлдвэр, уурхайн ажилчдын хувцас, цус, спиртийн төрлийн шингэн нэвтрүүлдэггүй тул эмнэлгийн ажилчдын хувцсыг уг даавуугаар хийх боломжтой гэж нээлтийн үеэр онцолсон юм. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Орхон инженеринг менежмент” компани ажилчдынхаа хувцсыг нано боловсруулалттай даавуугаар хийлгэж эхлээд буй аж.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уг технологийг гаргасан доктор Р.Мягдагмаа “Ус, хир нэвтрүүлэхгүй, гандаж үжирдэггүй ухаалаг даавуу үйлдвэрлэн, Монголын зах зээлд гаргахад бэлэн боллоо. Би 2000-2010 онд ХБНГУд суралцаж, дөрвөн жил тэнд мэргэжлээрээ ажилласан. Энэ хугацаанд хийсэн судалгааны ажил маань бүтээгдэхүүн болон гарч буй нь энэ. Манайд суурилуулсан энэ төхөөрөмж цагт 300 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай, өдөрт найман цаг ажиллахад 2000 метр даавуу үйлдвэрлэнэ гэсэн үг. Үнэ нь зах зээлийн ханштай ойролцоо байна” гэв. 2011 оноос судалгаа, туршилтын шатанд нано боловсруулалт хийсэн анхны даавуугаар “Модерн гэр” компани гэрийн бүрээс оёж, улсдаа төдийгүй Франц, Англи, БНСУ-ын зах зээлд нийлүүлжээ. Тус компани уг бүрээсээ хэд хэдэн айлын гэрт бариулж туршсан нь өнөөг хүртэл чанараа алдаагүй байгаа аж. Цаашид уг технологийг өөр үйлдвэрт нэвтрүүлэх, эсэхийг ШУТИС-ийн ректор П.Очирбатаас тодруулахад “Шинэ зүйлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд багагүй эрсдэл дагуулдаг. Тиймээс бизнесийн байгууллагууд шууд хөрөнгө оруулалт хийлгүй нэлээд азнах тохиолдол гардаг. “Эрдэнэт хивс” уг технологийг нэвтрүүлж буй нь бусад компанийнханд итгэл төрүүлж, ач холбогдлыг нь таниулж байна.Шинэ мэдлэг, технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ШУТИС, манай эрдэмтэд хамтран ажиллахад бэлэн тул нанотехнологи нэвтрүүлэх хүсэлтэй бүх аж ахуйн нэгжийг хамтран ажиллахыг урьж байна” гэлээ.
ӨНГӨ, ЗАГВАР, ТЕХНОЛОГИЙН ХОСЛОЛ “АТИЛЛА” БРЭНД
Бельги улсын “Van de wiele” фирмийн “UCI03” машиныг Азийн орнуудаас анх манайд суурилуулж буй аж. “Эрдэнэт хивс” компани уг машинаар нэхсэн “Атилла” брэндийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй уг төхөөрөмж нь зүссэн, гогцоотой, хавтгай гэсэн нэхээсний гурван төрлийг нэг дор хослуулан гаргаж, хээ хуар, дүрслэл, өнгийг өндөр түвшинд ялгаруулдаг онцлогтой. Гол давуу талуудын нэг нь компьютерээр удирддаг нь гэнэ. Уг машинаар нэхэж буй “Атилла” брэндийн бүтээгдэхүүний давуу тал нь нэг ам метрт 1-1.2 сая үслэг гогцоо гаргах учир манай улсад үйлдвэрлэж буй хамгийн сайн нягтаршилтай хивс болж буй гэнэ. Мөн нарийн номерийн үслэг утсаар хийдэг тул тансаг зөөлөн, сул үс гардаггүй юм байна. “Ноос угаах, нанотехнологийн, гурван өөр нэхээсийг зэрэг гаргах машин гээд дэлхийд тэргүүлэх техник, технологийг манайд ашиглаж эхэллээ.
Нанотехнологийн боловсруулалт нь ноос, ноолуур, даавуун бүтээгдэхүүнийг ус, чийг нэвтрүүлэхгүй, галд шатдаггүй болгож байна. Ийм техник, технологийг ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь манай улсын үйлдвэрлэлийн хөгжилд шинэ алхам. Засгийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам зөв бодлого явуулснаар ийм үр дүнтэй ажиллалаа. Манай компани энэ он сүүлч болон ирэх оны эхээр дэлхийн жишигт нийцсэн цөөнгүй техник, технологийг үйлдвэртээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн” гэж “Эрдэнэт хивс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Урнаа хэлсэн юм.
Ч.МӨНХЗУЛ