Бяцхан гүнжүүд хөгжмийн аялгуунд уяран, догдлон, бас “зүүдлэн” унтаж байна. Багш нь тэднийг түрүүхэн шидэт үгээрээ нойрсуулчихсан. Дасгалаа дуулгавартай хийж байгаа эдгээр гүнж “La Donna” балетийн сургуулийн сурагчид. Тэдний хамгийн бага нь гурван настай Бүжин, Энэрэл хоёр. Энэ ангийн “том эгч” нь таван настай Агни. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Г.Батчимэг тэдэнд багшилдаг. Бяцхан охидыг хөгжмийн сонсголтой, хамт олонч сэтгэлгээтэй, урлагийн боловсролтой болгоход энэ сургалтын зорилго оршдог. Багаасаа хөдөлгөөний эвсэлтэй болж, сонссон хөгжим болон хөгжмийн зохиолчоо нэрлэж сурна гэдэг бахархалтай.
“La Donna” сургуулийн бага ангийн сурагчид П.И.Чайковскийтай танилцаж, алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлийн аялгуунд “Цасан охины бүжиг” хийж сурчээ. Дараагийн удаа охид А.Адантай танилцана. Багштайгаа хамт “Жизель” балет үзэж, сүнснүүдийн ертөнцөөр аялсан болохоор удахгүй энэ бүжгийн жүжгийн аялгууг зохиосон хөгжмийн зохиолчтой “найзална” гэсэн. Охид долоо хоногт хоёр удаа балетийн хичээлд явдаг. Эрх чөлөөтэй гүйж, үе тэнгийнхэнтэйгээ зугаацаж, хөгжмийн аялгуунд бүжих гэж тэд энд ирдэг. Баасан гаригийн оройг тэдэнтэй хамт өнгөрүүллээ.
ШИДЭТ БАГШ
Дунд ангийн сурагчдын хичээл тарж, хамгийн бяцхан шавь нар ангидаа цуглав. Эцэг эхчүүд нь охидоо хувцаслаж оруулчихаад нэг цагийн турш тэднийг харж хөгжилдөн суудаг юм билээ. Зөв зогсож, багшийнхаа хэлснийг биелүүлж байгаа нь тэдний хувьд том амжилт. Охидын олонх нь энэ жилээс балетаар хичээллэж байгаа. Г.Батчимэг багш хөгжим эхлэхтэй зэрэгцэн үлгэрийн шидэт дагина болж “хувирав”. Охидыг үлээхэд тэд өлмий дээрээ зөөлөн, зөөлөн гишгэлэн ухарч, агаар сороход нь урагш тэмүүлэн багш руугаа гүйнэ. Энэ дасгал тэдэнд хөгжилтэй санагдаж байгаа бололтой, хичээнгүйлэн хийхийн зэрэгцээ ход ход хийтэл инээлдэх нь өхөөрдмөөр.
ӨНДӨР ӨСГИЙТ ӨМСӨЖ, ДАЛАВЧАА ДЭВНЭ
Багачуудад зориулсан балетийн дасгал бүр сонирхолтой нэршилтэй болж хувирдаг юм байна. Палкнаас барьж өлмийгөө дээш өргөн буулгахыг “өндөр өсгийт өмслөө, тайллаа” гэх зэргээр тоолдог бол хүзүүгээ дээш өргөхийг “хөөрхөн боллоо охид оо”, сунгалтаа шахан хэвтэхийг “хөшөө боллоо”, “унтацгаалаа” гэх мэтээр нэрлэж байв. Багшийнхаа хэлсэн дасгалыг хийхээс гадна хананд хөлөө нааж, сунгалтаа сайжруулж байгаа нь том хүнээс дутуугүй хариуцлагатайг нь харуулах шиг. Дасгал хийсний дараа “Өвдсөн үү” гэж асуухад хамгийн түрүүнд Энэрэл “Багш аа, миний энд өвдсөн” гэж хариулав. Энэ ангийнхны хамгийн сахилгагүй, адтай нь Энэрэл байлаа. Олон хүн харж байсан болоод ч тэр үү илүү их сахилгагүйтэж байна гэж багш нь ярьсан. Г.Батчимэг багш Энэрэлийн амыг олон удаа “цоожилсон” ч, “цоожоо эвдлээд” л яриад эхэлнэ. Тэдний дундаас дасгалаа хамгийн сайн гүйцэтгэсэн нь Төгөлдөргүнж. Дөрвөн настай Гүнжээ өнгөрсөн жилээс эхлэн хичээллэж байгаа юм билээ. Энэ ангид гурван Энэрэл, хоёр Мишээл бий. Арин, Бадмаараг, Бүжин, Агнитай нийлээд тэд арвуулаа. Сунгалтын дасгалын дараа охид “Цасан охины бүжиг”, “Дөрвөн жижиг хунгийн бүжиг”-ийг үзүүлэв. Багш нь хөгжим эхлүүлэхдээ өөр ая тавихад тэд андахгүй таньж “Биш ээ биш” гээд л шоолж инээлдэнэ. Бүжиглэх аяа хэдийнэ мэддэг болсон нь энэ. Давуу тал шүү.
Г.БАТЧИМЭГ: ҮЛГЭРИЙН СЭДЭВТЭЙ ХИЧЭЭЛ ТЭДЭНД ИЛҮҮ ОЙР БАЙДАГ
Бяцхан хатагтай нарт зориулсан балетийн сургалтаа Г.Батчимэг багш 2010 оноос эхлүүлжээ. Тэднийг мэргэжлийн бүжигчин болгохоос илүүтэй сонгодог урлагт ойр иргэн болгон хүмүүжүүлэхийг зорьж байгаа гэсэн. Хойшдоо мэргэжлийн бүжгийн анги нээх хүсэлтэй байгаа гэнэ.
-Хичээлээ их сонирхолтой байдлаар заадаг юм байна. Багаасаа балетаар хичээллэснээр ямар ямар зөв дадалтай болдог вэ?
-Анги болгоны зорилго харилцан адилгүй. Бага ангийнхны хувьд хөгжмийн урлагийн том төлөөлөгчдийг нэрлэж, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэн хамт олонтойгоо харилцаж сурахаас мэдлэг нь эхэлдэг. Дөрвөн хананы дунд хүүхэлдэйн кино үзээд л суугаад байвал хүүхэд орчин тойрноосоо хөндийрнө. Ялангуяа, орчин үеийн залуу гэр бүлүүд ихэвчлэн ганц хүүхэдтэй байдгаас эрх дураараа, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хүүхдүүд олширч байгаа. Тиймээс энд ирээд бусдыг хүндэтгэн, дэг журамд суралцдаг.
-Хөгжмийн сонсгол нь илт сайжирдаг бололтой.
-Тийм ээ. Хөгжмийн аялгуунд дасгал хийж байгаа учраас сонсголтой болно. Бас төрөл бүрийн амьтан, тухайлбал баавгай, өт болж бүжиглэдэг учраас хөдөлгөөнөөрөө хорвоотой танилцаж байгаа юм. Үүний зэрэгцээ бие бялдрын хөгжил нь сайжирна. Бага насны охидыг хүчээр дасгал хийж, сунгалтыг нь сайжруулах гэж хэт хичээдэггүй. Мэдээж тухайн хүүхэд уян биетэй бөгөөд сунгаж болохоор бол тохирсон дасгалыг нь хийлгэнэ. Өнөө цагт хүүхдүүдийг эрх дураар нь гүйлгэж, тоглуулах газар ховор болсон учраас зарим нь эндээ ирж хөөцөлдөж, гүйхийг илүүтэй хүсдэг байж мэднэ. Хөдөлгөөн хийж байгаа учраас ханиад хүрэх нь бага, хүрлээ ч гэсэн цэр нь амархан ховхорч хүндэрдэггүй гээд давуу тал ихтэй. Хичээл тарахын өмнө тэд цуваа болон сууж багштайгаа хамт сунгалтын дасгал хийдэг. Цуварч суусан охид бие биедээ тусалж, хамтдаа нэг зорилготой болж байгаа нь сайхан харагдаж байлаа. Тэд гоё хувцсаа өмсөж, хөөрхөн багштайгаа, үлгэрийн ертөнцөөр аялах дуртай. Тиймдээ ч сургуульдаа ирэхийн тулд аав, ээжийгээ шавдуулан хоцрохгүйг хичээн хурдалдаг гэсэн. Тэд бүгд бүжигчин болох албагүй. Гэхдээ мөрөө цэх, хүзүүгээ өөд өргөж, эмх цэгцтэй алхаж сурвал ирээдүйн амьдралд нь тустай. Уян зөөлөн хөдөлгөөнтэй, хөгжмийн мэдлэгтэй, нөхөрсөг, эелдэг болох эхлэл энд бий болох нь лавтай.
Ж.СОЛОНГО