Монголын залуучуудын холбооноос өнгөрөгч сарыг “Арванзургаан настнуудын сар” болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр эхэлж буй арванхоёрдугаар сарыг “Авлигын эсрэг сар” болгон зарлалаа. Тус холбоо 2012 оноос эхлэн “Авлигын эсрэг би авахгүй, өгөхгүй” аяныг эхлүүлж, www.avliga.mn хаягийг нээн, авлигын эсрэг “Авлигын тоолуур”-ыг ажиллууллан 10 гаруй мянган залуучуудыг хамруулж чадсан байна. Энэ сарыг “Авлигын эсрэг сар” болгон зарласнаар олон ажил хийхээр төлөвлөжээ.Тухайлбал, “Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй” уриатай таван цуврал зурагт хуудсыг гаргасан байна. Энэхүү хуудсыг иргэн, байгууллага бүр авч нааж, Авлигын эсрэг би авахгүй, өгөхгүй” аянд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой юм байна. Энэхүү зурагт хуудаснаас олсон орлогоороо 2015 онд авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөө зориулах ажээ.