Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн байгууламжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өчигдөр болов. Уг төслийг нийт гурван тэрбум 305 сая иен буюу 57 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн бөгөөд нийслэлийн зүүн хэсэгт байрлах Гачуурт тосгонд гүний худгуудыг барьж, ус түгээх байгууламжаар хоттой холбосон аж.
Төслийн хүрээнд Японд үйлдвэрлэсэн шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолой бүхий 18.8 километр магистрал шугам, 7.1километр дамжуулах болон цуглуулах шугам, өдөрт 25,200 м3 ус олборлох хүчин чадал бүхий 21 гүний худаг, мөн хлоржуулалтын систем бүхий удирдлагын төв зэрэг инженерийн гол байгууламжуудыг барьсан байна. Эдгээр байгууламжийн тусламжтайгаар Улаанбаатар хотын гэр хорооллынхны усан хангамж ихээхэн сайжрах юм.