Улс төрийн тайзнаас “Монголд шударга ёс алдагдаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөн, ядуурал улам бүр хүрээгээ тэлж, нийгэм зэрлэгших болов. Гурван сая иргэнээ яавал хоосон хонуулчихалгүй байх вэ. Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ” гэх үг яриа сонсогдохтой үгүйтэй болжээ. Улс төрийн намууд, тэдний лидер болсон нөхдийн амны уншлага, уриа лоозон болж явсан эдгээр үг харанхуй шөнийг сэрээх нохойн дуу шиг хаа нэг сонсогдох нь юуны дохио вэ. Төсвийн халааснаас тэрбумаар хэмжигдэх хөрөнгө “тоншсон”, авлига хээл хахууль авсан гэх төрийн өндөр албан тушаалтан, олны танил улс төр, бизнесийн хүрээнийхэнтэй холбоотой дуулиан энэ сэдвийг орлодог болжээ. Сонирхолтой нь энэхүү дуулиан мөн л улс төрийн хүрээлэл, улстөрчдөөс эхэлж, УИХ-ын гишүүд чуулганы танхимд нэг нь нөгөөгөө луйварчин, худалч, хулгайчаар дуудан, цаашлаад цахим хуудсаараа олон нийтэд түгээх нь энгийн үзэгдэл болтол хэвшээд байна. Энэ үйлдлийнх нь цаана нийгэм, эдийн засаг, ард иргэдийн төлөө гэх сэтгэл биш эсрэгээр хэн нэгнээ чадах, нэр хүндийг нь унагах башир арга нуугдаж байдаг нь нууц биш. Тэдний УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, хэвлэлийн хурлын үеэр үзүүлсэн муу муухай авир сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээллээр дамжин нийгэмд өдөр бүр Солонгосын савангийн дуурь шиг цацагддаг. Үүнийг дагаад нийгэмд байж болох, болохгүй олон сөрөг үзэгдэл төлөвшиж эхлээд байна. Үүнд төрийн бодлого бүхий мэдээ түгээдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш өөрсдийгөө эх оронч, шударга, шуурхай нэгэн болгож харуулахаар зүтгэж буй улстөрчид буруутай.
Нийгэмд хамгийн зүй бус харьцаа үүсгэж, болох болохгүйг ярьж, зааж зөвлөдөг гал тогоо болоод буй улс төрийн нам, улстөрчид УИХ-аас ховор ан амьтныг нисдэг тэргээр хөөж, амийг тасалсан, төрийн өмч хулгайлж, сонгогчдын өмнө худал ярьж, хов өгүүлсэн, хүсэл шуналаа гүйцээх, өрсөлдөгчөө дарах хорон арга бүгд дэлгэрсэн. Тэд эцэг өвгөдийн “үргэлж татгалз” хэмээн захиж үлдээсэн нүглийг нүдэн дээр үйлддэг болов. Итгэл өгч засгийн эрх бариулахаар явуулсан нөхөд нь эрх авмагцаа төсвийн хөрөнгө завшиж, төрийн албыг ах дүү, амраг садангийн цуглуулга болгон, авлигын хэрэгт нэр холбогдмогц нийгэмд янз бүрийн таамаг, хардлага төрж, иргэд “Бид хэнийг сонгоо вэ” хэмээн эргэлзэх нь тодорхой. Гэвч дуулианд холбогдогчид энэ бүгдээ “улс төр” гэж үгээр хаацайлаад, нэрээ цэвэрлэхийг хичээдэг. Ийн тайлбар хийдэг нөхдийнхөөр бол тэдний худал ярих нь “улс төр” бололтой юм. Угтаа бол УИХ монголчуудын эрт цагаас хүндэтгэж ирсэн Төрийн гал тогоо. Энэ тогоонд монголчууд улс орны хувь заяаг жинхэнэ утгаар авч явж чадна гэж итгэсэн манлайлагчдаа түшээ болгон илгээдэг гэж итгэдэг. Гэвч энэ орчин өдгөө төрийн эрх барих тэмцэл тулааны талбар, хэн нэгнээ муу муухай үгээр булж, идсэн уусан, хуйвалдсан, зарсан үрсэн хүмүүсийн цуглуулга болж, нийгэмд заль мэх, луйвар, албан тушаалын төлөөх өрсөлдөөн, урваж шарвах зэрэг муу муухай үлгэр үзүүлдэг тайз болоод удаж байна.
УИХ-ын гишүүд уг нь парламентаар баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. “УИХ-ын гишүүн нь төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байна” гэх зэрэг олон заалт энд бий. Гэвч энэхүү дүрэм эрхэм гишүүдийн хөлд гишгэгдээд удсан. Сүүлийн жилүүдэд улстөрчид бусдын нэр төр, алдар хүндэд замбараагүй халдах үйлдлээ цахим ертөнц дэх өөрийн орон зай, твиттер, фэйсбүүкээр явуулдаг болоод байгаа. Жишээ дурдахад, УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сарын 7-нд өөрийн твиттер хуудсандаа “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болохыг хүсэж байгаа бололтой” хэмээн жиргээд авсан билээ. Учрыг тодруулбал энэ өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, хуулийн зүйлчлэлийн хувьд буруу гарсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын 68 дугаар тогтоолыг засаж залруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан гэнэ.
Байнгын хорооны хурлын зар түгэж байхад УИХ-ын дарга нь цахим ертөнцөд огцорсон Ерөнхий сайдаа албан тушаалаасаа холдох дургүй байгаа юм шиг ойлголт өгсөн нь олны анхаарлыг татаад авсан. Гэвч З.Энхболд энэ үйлдлээрээ Н.Алтанхуягийг буулгах зорилго өвөрлөж байсан төдийгүй үүнээс хэдхэн хоногийн дараа Н.Алтанхуягаас АН-ын даргын тамгыг ядах юмгүй авсан. Мөрдөж буй хууль, тогтсон дүрмийн дагуу шийдчихвэл шударга харагдах үйл явцыг ийн товчилсноороо З.Энхболд шударга биш, бас тийм ч ёс зүйтэй хүн биш гэдгээ харуулсан нь үнэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдийг томилохоор шөнийн шувуу шиг хуралдсан УИХ-ын чуулганд Н.Батбаяр гишүүн халамцуу морилж, хуралдаан дээр согтуу байр суурь илэрхийлсэнд иргэд дургүйцэж байгаа. Түүнчлэн элдэв популист амлалт, мөрөөдлөөр нийгэм, эдийн засгийг унагасан, хэзээ ч давхар дээл өмсөхгүй гэж амласан хэрнээ өнөөдөр инээд алдан түүнээ нөмрөхөд бэлэн болсон, нэг намаас нөгөө рүү урваж, ийн нүүхдээ хуучин андаа хэн ч биш болтол хэлж ярьж явдаг олон хүн энэ УИХ-д бий. “Ичнэ” гэдэг үгийг мартаад удаж буй УИХ-ын зарим гишүүн ганц зүйлд найддаг бололтой юм. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуульд байх “УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэх заалт. Тиймдээ ч тэдний хэн нь ч өнөөдрийг хүртэл ёс зүйгүй аашилсныхаа төлөө хариуцлага хүлээж байгаагүй. УИХ-д Ёс зүйн дэд хороо гэх нэг байгууллага байдаг ч түүхэндээ гуравхан удаа хуралджээ.
Нийгмийг үлгэрлэн манлайлж байх учиртай УИХ, улс төрийн намууд, улстөрчдийн энэ авир цааш хүрээгээ тэлбэл монголчууд хариуцлагатай, чадварлаг төртэй болно гэж найдах ч хэрэггүй. Нөгөө талаар нам эвсэл, нутаг ус, хөрөнгө чинээ дагасан хуваагдал, задралын эхлэл тавигдаж, нийгмийн зан араншин улам бүр өөрчлөгдөх нь тодорхой. Ийн доройтож буй нийгмийн гажуудал, иргэдийн бухимдалд үлгэрлэн манлайлах чадваргүй, ёс зүйгүй улс төрийн намууд, улстөрчид, УИХ-ын гишүүд буруутай. Тиймээс төрийг хуйвалдаан, заль мэхний үүр болгож буй ёс зүйгүй улстөрчид хариуцлага хүлээх учиртай.
Д.ОТГОНЖАРГАЛ