Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр энэ зун “Найрамдал”, “Сансар” зэрэг зургаан зусланд хэрэгжиж байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэхүү хөтөлбөрийг дэмжин Баянзүрх дүүргийн 150 хүүхдийг энэ сарын 4-7-ны хооронд “Сансар” зусланд зохион байгуулагдах гурав хоногийн сургалтанд хамруулахаар болсон бөгөөд эрхийн бичгийг нь түүний зөвлөх Д.Эрдэнэбат өчигдөр хүүхдүүдэд гардууллаа. Нэг хүүхдийн нийт зардал 63.000 төгрөг бөгөөд үүний тавин хувийг эрхэм гишүүн санхүүжүүлж, 50 хувийг нь эцэг эхчүүд гаргах юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг тус хөтөлбөрийн 36 цагийн сургалтаар өсвөр үеийн хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн болох зэрэг 36 төрлийн чадамжийг эзэмшүүлдэг аж.
Эрхийн бичиг гардуулах үеэр Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид хүүхэд багачуудад урлагийн тоглолт хийлээ.

Б.Номин /11 настай/: Өмнө нь зусланд нэг удаа амарч байсан ч энэ хөтөлбөрт анх удаа хамрагдаж байна. Зусланд амраад олон найзтай болно, бас зөндөө олон юм шинээр сурна гэж бодож байгаа. Маралаа гэдэг найзын маань эмээ энэ хөтөлбөрийн тухай анх хэлсэн.

Ц.Энх-Амгалан /113-р сургуулийн 6в ангийн сурагч/: “Эх орон-36” хөтөлбөрт анх удаа хамрагдаж байна. Гурав дахь удаагаа зусланд амрах гэж байна. Зусланд амрахад агаар нь сайхан байдаг, бас олон найзуудтай болдог. Хичээл дээрээ сурч мэдсэнээ бататгаж, шинээр ч зөндөө юм сурдаг болохоор би зусланд амрах дуртай. Өмнө нь хоёр удаа амарч байсан.