Эрт дээр үед монгол эрчүүд эр бяр, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин эрийн гурван наадамд өрсөлддөг байсан. Одоогийнхоос ялгаатай нь гурван төрөлд гурвууланд нь нэг хүн хүч сорьдог байснаараа онцлог. Тэгвэл Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил наадмаа угтан нэгэн сонирхолтой арга хэмжээ зарласан нь “Монгол бахархалт эр хүн” шалгаруулах ёслол юм. Энэхүү тэмцээний урьдчилсан шалгаруулалт тус аймгийн 27 суманд саяхан болж өндөрлөсөн бөгөөд сум болгоноос шалгарсан шилдэг эрчүүд энэ сарын 8-нд болох сүүлийн шатны шалгаруулалтад оролцох юм байна. Эрчүүд 3.5 км-т мориор уралдаж, 70 метрт 16 сум тавьж, хүчит бөхийн барилдаанд эр бяраа сорьжээ.
Энэ талаар Төв аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн, тус аймгийн Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбатаас тодруулахад “Манай аймаг “Монгол бахархалт эр хүн” шалгаруулах тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулж байна. Сумдад зургадугаар сарын 20-30-нд бахархалт эрчүүдээ гурван байр эзлүүлэн тодруулсан. 27 сумаас шалгарсан 27 хүн энэ сарын 8-нд болох “Монгол бахархалт эр хүн” шалгаруулалтад оролцоно. Шилдгийн шилдгээр тодорсон хүн гурван сая, хоёрдугаар байрт шалгарвал хоёр, удаах байрт орсон хүн нэг сая төгрөгийн шагнал тус тус хүртэнэ. Мөн шилдгээр шалгарсан эрчүүдэд морь унаж яваа монгол эрийн дүрстэй баримал өгөхөөр болсон” гэв. Төв аймгийнхан 8-нд азтай, одтой, бяртай бахархалт эрсээ шалгаруулаад, үргэлжлүүлэн 9, 10-нд баяр наадмаа тэмдэглэх юм байна.
М.НАЦАГЮМ