УИХ-ын дарга З.Энхболдод Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр өргөн барилаа. Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойш хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэх мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа аж. Түүнчлэн өчигдрөөс хүчин төгөлдөр болж буй Шүүх байгуулах тухай хуультай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүсчээ. Дээрх үндэслэл, шаардлагын дагуу Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.