Урин дулаан зуны улирал айлчлан ирж, хөдөө орон нутгийг зорих, аялал зугаалгаар явах зорчигчийн урсгал өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Ингэхдээ ард иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замд гарах, замын нөхцөл байдалд хурдаа тохируулахгүй явах, дадлага туршлагагүй шинэ жолооч холын замд жолоо барих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох зэрэг олон шалтгаан нөхцөлийн улмаас зам тээврийн осол ихээхэн гарч байгаа юм.
ГССҮТ-д өдөрт 250-300 хүн ирж байгаагийн дийлэнх нь авто тээврийн ослоос үүдэлтэй ясны хугарал бэртэл гэмтэл зонхилж байгаа бол аймгуудын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд мөн л авто ослын улмаас гэмтэж ирэх хүний тоо ихэсчээ.
Тухайлбал, Өнгөрсөн 7 хоногт Жаргалант сум Хуурай ам гэдэг газар суудлын авто машин замын нөхцөл байдалд хурд тохируулаагүйгээс болж тухайн замын огцом эргэлтэд замын хажуу руу онхолдон жолооч нь нас барж, хоёр зорчигч гэмтсэн байгаа юм.Мөн Эрдэнэт, Булганы замд шөнийн цагаар согтуугаар мотоцикл жолоодож яваад автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна.
Тиймээс замд явах гэж байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж бусдын болон өөрийн амь насыг болзошгүй аюул ослоос хамгаалж сонор сэрэмжтэй явах хэрэгтэйг анхааруулж байна.