“Gilead Sciences” компанийн гепатит С вирусын эсрэг үйлчилгээтэй “Sovaldi”, “Harvoni” бүтээгдэхүүн борлуулалтаар цахиур хагалж буй. Тиймдээ ч өнгөрөгч хоёрдугаар сард “Sovaldi” эмийг бүртгэж авсан бол “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч гуравдугаар сард Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд “Gilead Sciences” компанийн удирдлагуудтай уулзаж, "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болсон билээ. Харамсалтай нь дэлхий нийтээр ихээхэн найдлага тавьж, өргөнөөр хэрэглэж эхлээд байсан “Harvoni”, “Solvadi” хэмээх элэгний эмнүүдийн үр дүн тодорхойгүй, хуурамч гэж Йэлийн их сургуулийн харьяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын шударга байдал, эмчилгээний үр дүнг хянах хороо үзэж байгаа аж. Түүгээр барахгүй тус хороо борлуулалтаар цахиур хагалж буй С вирусын эсрэг эмнүүдийн клиник судалгаа буюу үр дүнгийн талаарх нарийн мэдээллийг шалгалгүйгээр бүртгэн авсан гэсэн үндэслэлээр АНУ-ын хүнс, эмийн хяналтын байгууллагыг Коннектикатын Нью Хавен хотын шүүхэд дуудаад буй талаар “Reuters” мэдээллээ.
Зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар “Gilead Sciences” компани уг хоёр эмийн борлуулалтаас 4.55 тэрбум долларын орлого олсон нь тус компанийн нийт орлогын 60 хувийг бүрдүүлж байгаа юм.