“Нэг хүүхэд” бодлогын бас нэгэн хор уршигийг “Эрүүл мэндийн цагаан сонин” өчигдөр мэдээллээ. Бээжин хотын хүн амын дунд хөгшрөлт эрчимтэй үргэлжилж байгаа нь тоон үзүүлэлтээс тодорхой болжээ. 2013 онд Бээжингийн иргэдийн дундаж нас 81.51 байсан бол ердөө нэг жилийн дотор энэ тоо 0.3-аар нэмэгджээ. Судалгааны байгууллагын тооцоолсноор өдгөө бээжингийн таван хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан байгаа гэнэ. Харин иргэдийн дундаж наслалт нь эрчүүдийнх 79.73, эмэгтэйчүүдийнх 83.96 болохыг тогтоожээ.
Тус сонинд өгүүлснээр өдгөө гурван сая 60-аас дээш насны, хоёр сая 65-аас дээш насны иргэн Бээжин хотноо аж төрж буй аж.
Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн асуудал ч эрх баригчдын сэтгэлийг зовоосон тулгамдсан асуудал болоод буй. Нийслэлчүүдийн аминд хүрч гол хүчин зүйл нь хорт хавдар. Өдөр бүр тус хотод 113 хүн хорт хавдартай хэмээн оношлуулж байгаа бөгөөд 2013 онд зөвхөн хавдраас болж 41.272 хүн амиа алдсан гэх тоо гарчээ.