Холын Харвардын хаяанд авчирсан “Харвард Монголд - Азийн манлайллын чуулган 2015” сургалт, семинар өнгөрөгч сарын 27-нд болсон билээ. Америк, Герман, Япон, Хятад гээд 16 орны Харвардын их сургууль болон Хууль зүй, гадаад харилцааны Флэчэр их сургуулийн шилдэг төгсөгчид болон сургагч багш нар монгол залууст хичээл заасан билээ. “Азийн манлайллын төв”-өөс зохион байгуулж буй уг сургалт семинарт илтгэл тавьсан багш нарын багт Б.Хонгорзул хэмээх монгол бүсгүй багтсан юм. Тэрбээр хууль зүй гадаад харилцааны Флэчэр их сургууль, Японы Акита олон улсын их сургуулийн төгсөгч бөгөөд Дэлхийн банк, “Монголын эдийн засгийн форум” ТББ-д ажиллаж байсан манлайлагч залуусын нэг юм. Холын Харвардыг дэргэд авчрах “Азийн манлайллын чуулган”-ы баг энэ зуны турш зургаан улсаар өртөөлөн, азийн залууст хичээл заах бөгөөд уг багт ч түүнийг урьжээ.