Саяхныг хүртэл гадаадын орнуудад ургадаг хуруун чинээ том таримал гүзээлзгэнийн гайхан шагшиж байсан. Тэгвэл өдгөө тариаланчид нийслэлийн ойролцоох хэд хэдэн хүлэмжинд гүзээлзгэнэ тарьж, жилийн дөрвөн улиралд ургацаа хураан, хэрэглэгчдийн гарт шинээр нь хүргэж байна. Харин монгол хөрсөнд нутагшсан гүзээлзгэнэ усан үзэм хэмээх дүүтэй болжээ. Гадаадын жимсийг нутагшуулах ажил зөвхөн гүзээлзгэнээр хязгаарлагдахгүй. Цонжин болдогт байрлах “Ногоон сор” компанийн усан үзмийг нутагшуулах туршилтын тариалалт амжилттай болж, жимс нь хэдийнэ боловсорчээ. Түүнчлэн “Мөнх ногоон амьдрал” ТББ-ынхан ч хүлэмжиндээ усан үзэм тарьж буй гэнэ. Харин Шувуун фабрикт байрлах тус хүлэмжийн туршилтын тариалан ирэх жил жимсээ өгөх аж.