Улаанбурхны вакцин хийлгэсэн хүүхэд нь энэ өвчний халдвар авч, тэр нь хүндэрсэн талаар нэгэн эх манай сонинд хандсан юм. Түүний хэлснээр бол улаанбурхны вакцин хийлгэсний дараахан хүүхдийнх нь биеэр юм туурчээ. Вакцин хийлгэсэн учраас санаа зовоогүй аж. Харин хоёр дахь өдрөөс хүүхэд нь халуурч, бүх биеэр нь юм туурахад эмчид хандаж, улаанбурхан туссаныг мэдсэн байна. Энэ үед өвчин нь хүндрэн, хатгалга болсон байж. Ийн эх, хүү хоёр 15 хоног эмнэлэгт хэвтжээ. Иймээс тэрбээр улаанбурхны вакцинд эргэлзэж буйгаа хэлж, холбогдох албаныхнаас лавлаж өгөхийг хүссэн юм. Түүний хүсэлтийн дагуу Эрүүл мэнд, спортын яамны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэлээс энэ талаар тодрууллаа.
-Вакцин хийлгэсний дараа улаанбурхан туссан тохиолдол Архангай аймагт гарсан байна. Вакцин хийлгэснээс болж амиа алдсан хүн бий юү?
-Вакцин тарьсны дараа улаанбурхан хөнгөн хэлбэрээр тусдаг. Бага насны хүүхдүүд болон сайн дураараа хийлгэхийг хүссэн хүмүүст вакцин хийж байгаа. Энэ хугацаанд вакцинтай холбоотой ямар нэг урвал, хүндрэл гараагүй. Үүнээс болж хэн нэгэн амиа алдаагүй. Харин вакцин хийлгээгүй бага насны хүүхдүүд хүндэрч байна. Төрөөд хоёр, арав хоносон хүүхэд хүртэл улаанбурхнаар өвдсөн тохиолдол гарсан. Зүрх болон тагнайн төрөлхийн гажигтай, тэжээлийн доройтолтой гэх мэт архаг суурь эмгэгтэй хүүхдүүдэд харшлах заалттай тул вакцин хийдэггүй.
-Энэ удаа хийж байгаа вакцин өмнө нь хийлгэж байснаас өөр үү?
-Товлолоор есөн сартай, хоёр настай хүүхдэд хийж байсан нь улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан вакцин. Одоо хийж байгаа нь зөвхөн улаанбурхных. Өвчлөл их байгаа үед улаанбурхны вакциныг дангаар нь хийх нь үр дүнтэй, аюулгүй. Товлолоор есөн сартай хүүхдэд хийдэг байсан ч одоо зургаан сартай хүүхдэд хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр улаанбурхны вакциныг хийлгэх хамгийн бага нас нь зургаан сар. Түүнээс бага хүүхдэд дархлаа сайн тогтдоггүй. Ийм насны хүүхэд эхийн сүүгээр дархлаагаа авч байх ёстой гэж үздэг. Хүрэлцээ, өвчлөлийн байдал зэргээс хамаарч, зургаан нас хүртэлх хүүхдэд вакцин хийсэн.
-Вакцин давхардуулж хийсэн тохиолдол хэр олон гарсан бэ. Давхардуулснаар ямар гаж нөлөө үзүүлэх бол?
-Давхардуулж хийсэн тохиолдол 10 гаруй гарсан. Вакцин хийлгэсэн хүүхдийн зүүн гарын чигчий хуруунд тэмдэг тавьдаг. Харамсалтай нь тэмдэглэгээ бүдэг тавьснаас болж хүүхэд хоёр удаа вакцин хийлгэсэн байсан. Вакцин хоргүй, маш бага хэмжээтэй учраас давхардуулж хийснээр ямар нэг сөрөг нөлөөгүй. Харин хоёр хүүхдэд хийх вакциныг нэг хүүхдэд хийснээр вакцин дутах аюултай. Давхардуулж хийсэн нь нэг талаасаа эцэг, эх, нөгөө талаасаа эмчийн хариуцлагагүйнх. Мөн сувилагч тэмдэглэгээг гүйцэд шалгахгүй байна.
-Дархлаажуулалт хэдэн хувьтай байна вэ?
-Улсын хэмжээнд хамрагдах ёстой хүүхдүүдийн 92 хувийг хамруулаад байна. Харшлах шалтгаантай, ханиад томуутай байсан 6000 гаруй хүүхдийг нөхөн дархлаажуулж байгаа.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ