Таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай “Тавантолгой” төслийг ойрын хугацаанд хөдөлгөж, ОХУ, БНХАУ-тай хамтран “Талын зам” төслийн ажлыг урагшлуулна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд ярьсныг “Financial Times” мэдээлэв. Тэрбээр манай улс бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлснийг дурдсан байна. Түүнчлэн Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт эргэн нэмэгдэнэ гэдэгт найдаж буйгаа өгүүлээд, дахин хэзээ бонд гаргах төлөвтэй талаарх асуултад “Одоогоор хэлэх боломжгүй” хэмээн хариулжээ. УИХ-ын хэд хэдэн гишүүн Тавантолгойн ордыг ашиглах консорциумтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж буйг мөн дээрх цахим хуудсанд тэмдэглэсэн байв.
“Талын зам” төслийн хүрээнд 997 км хурдны зам, 1100 км эрчим хүчний шугам барих талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ сарын 8-9-нд ОХУ-ын Уфа хотод болох Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тооцоотой дээрх төслийн талаар хэлэлцэхийг Ерөнхий сайд ярьсан байна.
Ц.Болор