ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр хурал зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 8 хүртэл Германы Бонн хотноо болж буй. Хурлын үеэр Байгал нуурын асуудлыг тусгайлан хэлэлцжээ.
Сэлэнгэ мөрөнд барихаар төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станц нь Байгал нуурын эко системд аюул учруулна хэмээн Оросын байгаль хамгаалагчид ЮНЕСКОд гомдол мэдүүлээд байсан юм. Дэлхийн өвийн хорооноос асуудлыг анх удаа цогцоор нь судлан үзэж, Монгол, ОХУ аль алинд нь анхааруулга өглөө. Мөн талуудыг Байгал нуурт цутгаж буй бүх гол мөрөнд хэрэгжүүлж байгаа болон төлөвлөгдөж буй төслүүдийн экологийн дүгнэлтийг нэн даруй гаргахыг үүрэг болгожээ. Түүнчлэн “Шүрэн” цахилгаан станц нь бүс нутгийн эко системд нөлөөлж магадгүй байгаа тул байгаль орчны үнэлэлт, дүгнэлтийг дахин сайтар хийхийг Монголын талаас шаардсан байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцсэн асуудал дунд манай улстай холбоотой бас нэгэн сэдэв хөндөгдсөн нь байгалийн хийн “Алтай” хоолой байлаа. ЮНЕСКОгоос ОХУ-ыг Хятад руу тавих байгалийн хийн хоолойгоо Алтайн нурууны дархан цаазат газраар дайруулан тавих төслөөсөө татгалзаж, өөр маршрут сонгохыг Орос, Хятадын Засгийн газарт уриалсан байна. Хэрэв тэд энэ уриалгыг тоохгүй бол Алтайн нурууны дархан цаазат газрыг “Дэлхийн устахад ойрхон өвт зүйлс”-ийн жагсаалтад оруулахаар болжээ. Энэ жагсаалтад орсноор тэнд хийн хоолой барих ямар ч боломжгүй болох юм. Тэгвэл Оросоос Хятад руу тавих байгалийн хийн хоолойг Монгол, эсвэл Казахстаны нутгаар дайруулах магадлал нэмэгдэнэнэ.
М. Сугар-Эрдэнэ