Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийг нутаг дэвсгэрээр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэмээн нэрийдэх болжээ. Үүнтэй холбогдуулан иргэдэд шүүхийн ил тод, хүртээмжтэй байдал болон шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 3-нд Тусгаар тогтнолын талбайд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Шүүхийн нэршил өөрчлөгдсөнөөр үйл ажиллагаанд өөрчлөлт гарах, эсэх талаар тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдараас тодруулахад “Зөвхөн нэршил өөрчлөгдөж байгаа. Үйл ажиллагаа болон байршил хэвээр үргэлжлэх болно. Тиймээс иргэд төөрч, будилах асуудал үүсэхгүй. Өмнө нь дүүрэг бүрт анхан шатны шүүх байх үед эрүүгийн хэргийн ачаалал харилцан адилгүй байсан. Харин дүүргийн шүүхүүд нэгдсэнээр ачаалал ихэссэн ч шүүгчдийн тоо нэмэгдэж байгаа тул үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн иргэдэд нээлттэй, ил тод байдал хэвийн үргэлжлэх тул хүндрэл гарахгүй” гэж ярив. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгсөн юм. Гэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байгаа болон шийдвэрлэсэн хэргээс бусад асуудлаар зөвлөгөө, тусламж үзүүллээ. Энэ өдөр хууль зүйн зөвлөгөө авсан иргэн Г.Чагнаадорж “Энд ирээд хангалттай мэдээлэлтэй боллоо. Хуулийн ажилтнууд миний асуултад тодорхой сайн хариулж өгсөн учраас асуудлаа шийдвэрлэх гарц олж чадсан гэж бодож байна” хэмээн ярьж байв.
Х. Жаргал