Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа болон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчл өлт оруулсан талаараа Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан байна. Уралдах морьдын үүлдрийг тогтоох ажлын хэсэг журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулах ажлыг зохион байгуулах юм. Эрлийз морьдыг монгол морьдоос ялгахдаа ерөнхий галбир, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох аж. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141, хязаалан 137, шүдлэн 132, даага 127 см-ээс дээш байвал эрлийз гэж үзэн, тухайн насанд уралдуулахгүй юм. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас хоёр хоногийн өмнө үүлдрийг нь тогтоох ажлын хэсэгт хандаж, шийдвэр гаргуулах, морьдыг нас насанд нь уралдуулах үүрэг хүлээх аж. Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Энэ жилийн Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд Хүй долоо хутагт эхэлнэ. Хуулийн дагуу долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна. Ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Энэ жил уламжлал ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12- нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан (дээд, дунд, бага нас) болох юм. Мөн долдугаар сарын 10-нд холч морьдын уралдаан, 13-нд жороо морьдын уралдаан болно” гэлээ.