Сансар огторгуй хэрхэн үүссэн, сүүлт од яагаад харвадгийг тэр ч байтугай хар нүх хэрхэн үүсдэг, бархасбадь гаригийн бүслүүр нь юунаас бүрддэг гээд сансар огторгуйн талаар томчуудын ч тэр бүр мэддэггүй сонирхолтой асуултын хариултыг хүү эсвэл охин тань танд бяцхан эрдэмтэн мэт тайлбарлавал сайхан биш гэж үү. Зуны налгар өдрүүдэд одот тэнгэрийг хараад сансар огторгуйд чухал ямар үйл явдал өрнөдгийг мэдэхсэн гэх хүсэл хүүхэд бүрт төрдөг. Харин тэр сансар огторгуйтай холбоотой яагаад, хэрхэн гэсэн олон зуун асуултын хариултыг хүүхдэд ойлгомжтой бөгөөд сонирхолтой хэлбэрээр өгөх “Дараагийн сансрын нисгэгч” хөтөлбөр долдугаар сарын 10 хүртэл үргэлжилж байна. “Дүдү боловсрол” сангаас зохион байгуулж буй хөтөлбөр өглөө 08.40 цагаас 18.00 цаг хүртэл бүтэн өдрийн турш үргэлжилж, багачуудыг сансар огторгуйн сонирхолтой ертөнцөөр аялуулна.
Аялал Одон орон судлалын төвийн Астропаркаас эхэлнэ. Тэнд хүүхэд багачууд хар нүх, сүүн зам, нарны аймгуудын талаарх сонирхолтой мэдээллийг 3D дүрслэлээр харуулсан баримтат кино үзэж, од гаригсыг алган дээрээ тавьсан мэт дүрслэн харуулдаг планетари танхимаар аялж, сансрын нисэгчдийн хувцас хэрэглэл, пуужин, монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын талаарх түүхэн зургуудыг дэлгэсэн музейд зочилно.
Сансар огторгуйд жингүйдлийн нөхцөлд юм угаах боломжтой эсэхийг “Дүдү боловсрол” сангийн багш нарын бэлтгэсэн сонирхолтой видео бичлэгийг үзвэрийн танхимд үзээд л мэдчихнэ.
Харин Планетари танхимд нар орой дээр мандаж байх үдийн үед ч шөнийн одот тэнгэрийг тусгай төхөөмөржийн тусламжтай бий болгож, долоон бурхан, алтан гадас одны байрлалыг, үүрийн цолмон, үдшийн гялаан чухамдаа од биш манай дэлхийд хамгийн ойрхон байрлаж буй гариг болохыг, цэлмэг шөнө оддыг ажвал алгуур нүүх од солир биш хиймэл дагуул болохыг тэр ч байтугай хойд туйлын туяа хэрхэн харагддагийг бодитоор үзэх боломжтой. Хүүхдүүд уг танхимд орчин үеийн кино үзвэрийн танхимынх шиг зөөлөн гэхдээ кино театрынхаас ялгаатай нь арагш налж хэвтээд, өдрийн цагаар орой дээр түгэх оддыг хагас хэвтээ байдлаар тухлан харж болох аж. Одон орон судлаач эрдэмтэн тайлбарлагчийн сонирхолтой мэдээллүүдийн дунд загас, хамтатгах, бумба, нум гээд ордуудын байрлалыг хэрхэн таньж болох талаар ч багтсан. Тэр ч байтугай Бразилийн нутагт одот тэнгэр хэрхэн харагддагийг нийслэл хотоосоо алхам ч холдохгүйгээр Орон орон судлалын Астропаркад очоод л үзчихэж болно.
Хүүхдийн анхаарал төлөврөх хугацаа тийм ч удаан байдаггүй. Тиймдээ ч танин мэдэхүйн аяллуудын завсраар хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлж, багаар ажиллах чадвар, ой тогтоолтыг сайжруулах хөгжилтэй тоглоом тоглож, өөрсдийн гараар цаасан, гуурсан гээд төрөл бүрийн пуужин, онгоц хийж, түүгээрээ уралдаж тоглодог.

Хөтөлбөрийн багш нарыг скаутын удирдагчдаас сонгосон тул бяцхан эрдэмтдэд уйдаж, сатаарах цаг огтхон ч гарахгүй. Дараагийн аялал руу очихоор автобусаар зорчиж явахад нь ч замын турш сонирхолтой тоглоом тоглуулдаг юм билээ. Ингэснээр оролцогч багачууд уйдахгүйгээс гадна, цонхоор гараа гаргаж, суудлаасаа босох зэрэг аюултай үйлдэл хийх зав ч гардаггүй аж.
Багш нарыг зөвхөн хүүхэдтэй харилцах ур чадвар бус хөтөлбөрийн үндсэн сэдвийн талаарх мэдлэгийг нь шалгуур болгож сонгосон тул зөвхөн сансар огторгуй, сансрын нисгэгч, пуужинтай холбоотой сонихролтой мэдээллүүдийг танилцуулж, хүүхдүүдийн асуултад ч насны онцлогт тохируулан энгийн үг хэллэг ашиглан тухай бүрт нь хариулт өгч байгаа харагдсан.
“Дүдү боловсрол” сангийн зохион байгуулж буй хөтөлбөр маргааш “Үлэг гүрвэлийн мөрөөр” үргэлжилнэ. Тус хөтөлбөрт хамрагдсанаар үлэг гүрвэлийн ховор олдворуудыг дэлгэсэн үзэсгэлэн үзэж, Шинжлэх ухааны академийн Палентологийн төвд зочилж, эрдэмтдийн бэлтгэсэн сонирхолтой мэдээллийг сонсож, өндөгний хулгайчаас үлэг гүрвэлийг өндгийг хамгаалах хөгжилтэй тоглоом тоглох юм. Харин үдээс хойш “Юрийн галавын ертөнц” киног үзэж нэг өдрийг үлэг гүрвэлийн ертөнцөд өнгөрөөх боломжийг олгож буй. "Дараагийн сансрын нисэгч", "Үлэг гүрвэлийн мөрөөр" хэмээх танин мэдэхүйн аялалд 7-14 насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Хэрэв та хүүхдүүдээ шинжлэх ухааны ертөнцөөр аялуулахыг хүсвэл “Дүдү боловсрол” сангийн https://www.facebook.com/dudumongolia?fref=nf фэйсбүүк хуудсанд хандаарай.