Цагдаагийн байгууллагын болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд жил бүр Наадмын өмнөхөн уулзаж, Үндэсний их баяр наадмыг орон даяар болон дэлхий дахинд хэрхэн мэдээлэх талаар санал солилцдог. Энэ жилийн уулзалт өчигдөр болж, ЦЕГ-ын дэд дарга Ж.Буянбат, ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл өглөө. Баяр наадмын өдрүүдэд замын цагдаагийн 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд ХСИСийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн хүч нэмэгдүүлэн ажиллах гэнэ.
Баяр наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхг үй гэдгийг хурандаа Ч.Жаргалсайхан онцлон тэмдэглэсэн. Энэ өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн морь барианы газрын орчимд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй, наадамчид явганаар чөлөөтэй явах, автомашингүй ногоон бүс бүрдүүлэхээр болжээ. Баяр наадмын өдрүүдэд рэйлбус өдөрт гурван удаа “Амгалан” өртөөнөөс Эмээлт хүртэл замын дөрвөн буудалд зогсон үйлчлэх юм байна.
Замын ачааллаас шалтгаалж, долдугаар сарын 11-нд Наадмын нээлтээс хоёр цагийн өмнө, 12-нд соёолон насны морьдын уралдаан эхлэх үеэр замын зарим хэсгийг нэг чигийн урсгалтай болгохоор төлөвлөжээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлтээс хоёр цагийн өмнө ЗЦГ-ын баруун урд уулзвараас урагшаа, “Баянмонгол” хорооллын баруун уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нэг чигт оруулах аж. Соёолон морьдын уралдаан эхлэх үеэр Архангай руу салдаг уулзвараас Г, Ү зөвшөөрөлтэй машины зогсоол руу эргэдэг гарц хүртэлх замыг 07.00-09.00 цаг хүртэл зүүнээс баруун тийш, уралдаан дууссаны дараа баруунаас зүүн тийш нэг чигийн хөдөлгөөнд оруулах болжээ.
Энэ жил Наадмын талбайг зорих наадамчид Төв цэнгэлдэх орчмын зогсоолууд, “Нарантуул” зах, ЗЦГ, “Соёолж”, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗТЯ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дүнжингарав”, “Мишээл экспо” зэрэг байгууллагын зогсоолуудыг ашиглах боломжтой юм байна. Автомашины “А” зөвшөөрлийг Нийслэлийн ЗДТГ-ын “Хангарьд” ордонд, “D” зөвш өөрлийг Гадаад хэргийн яам, “Ж” зөвш өөрлийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгох бол худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн “Ү” зөвш өөрлийг харьяа дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсүүд, улаан М, хөх М, Г зөвшөөрлийг харьяа дүүргийнхээ Замын цагдаагийн тасгуудаас авах боломжтой. Тэдгээр зөвшөөрлийг энэ сарын 8-наас олгож эхэлнэ. Наадмын маргааш буюу долдугаар сарын 13-нд болдог Уяачдын наадмын үеэр дээрх зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлэх юм байна.