Баянзүрх дүүргийн XX хороо буюу Гачуурт тосгоны иргэд бүлэг байгуулж, Шар хоолойн хөндийд өөрсдийн хөрөнгөөр зам тавьж байгаа сайхан мэдээ дуулгая. Хужирбулан, Гачууртын зүг машинууд цувсаар. Амралтын өдөр бол бүр ч зуслан руу явах иргэдийн хөлд дарагдан, энд машины уртаас урт цуваа үүсдэг аж. Энхэл, донхол хатуу хучилттай зам Гачуурт руу дөхөх тусам цайрсаар шороон замаас ялгагдахааргүй болж, өнгөө цагаанаар сэлгэжээ. Хэд хэдэн газар зам засахаар хаасан нь зуны халуунд бухимдмаар ч “Удахгүй шинэ замтай болно доо” гэх бодол сэтгэл уужруулна. Гачууртын Шар хоолойн хөндийн замын хоёр хажуу талаар завсаргүй хатгасан хашаа, барьсан хауснууд хот газрыг илтгэвч мал бэлчиж, бас тэртээ ногоо тарьж байгаа нь хөдөөг санагдуулна. Энд бас олон амралтын газар байдаг ч энэ хавийн зам шороон хэвээр хэдэн зуун жилийг үдэж буй. Тус хорооны иргэд шинэ зам тавих шаардлагатайг жилийн жилд дүүрэг, хорооныхоо Засаг дарга, тойргоосоо сонгосон УИХ-ын гиш үүдэд уламжилдаг аж.
Зусланд гарсан биш дэргэдүүр нь өнгөрдөг машины тоосонд “булагддаг” болоод удсан болохоор тэр. Харамсалтай нь тэр бүр тус замыг засах хөр өнгөгүй гэдэг байж. Иргэд харин энэ удаа зүгээр суусангүй, өөрсдөө нэгдэн энэ замыг засахаар сэтгэл шулуудсан байна. Мөнг өтэй нь мөнгөөрөө, мөнгөг үй нь гар бие оролцож, 3.8 км замын 70 хувийг сайжруулсан шороон болгож засаад байгаа аж. Оршин суугчдын нэг хэсэг нь ажилчдын хоол хийж байхад нөгөө нь цайных нь сүүг дөхүүлж, бас зарим нь хүнсийг нь бэлтгэсэн байх жишээтэй. Цалингүй ажиллаж байгаа олон хүн бий гэнэ. Биднийг очихоос өмнө нэгэн иргэн үхэр өгөхөө амлаад буцсаныг ажилчид ам уралдуулан ярив. Мөн энэ үеэр замын чулуу түүхээр гурван хүн ирсэн юм. Тэд шинэ замтай болох гэж буйдаа баяртай байгаагаа хэлж, үүнд хувь нэмэр оруулах хүсэлтэй гэнэ. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагч, 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал “Бид мөнг өгүй ч өөрсдөө замаа сайжруулъя, үгүй ядаж чулууг нь түүе” гээд төсөл бичин, ажиллаж байтал БНСУ-ын “Шинэ тосгон” байгууллагынхан хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. 30 сая вон хандивлах боломжтой гэж, нэг км зам засаж, сайжруулах гэрээ байгуулсан.
Харин иргэд мөнгө хандивлаж, боломжийнхоо хэрээр туслах болсноор үлдсэн 2.8 км замаа засахаар шийдсэн. Долдугаар сарын 9-н гэхэд замаа ашиглалтад оруулна. Өдөрт дунджаар 20 орчим хүн 10 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна” гэсэн бол Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг “Дүүргийн хэмжээнд 28 хороонд иргэдийн 84 бүлэг үйл ажиллагаа явуулж байна. 20 дугаар хороонд иргэдийн хоёр бүлэг байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар зам тавих ажил эхэлсэн. Дүүргийн зүгээс хоёр машинаар л тусалж байна” гэв. Баянзүрх дүүргийн XX хороо 3000 гаруй иргэнтэй. Шар хоолойн хөндийн замыг засах ажил өнгөрсөн зургадугаар сарын 20-нд эхэлсэн аж. Иргэдийн бүлэг энэ хугацаанд 20 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Тус хорооны Иргэдийн бүлгийн даргаар сансарт нисэх сонгон шалгаруулалтад сүүлийн дөрвөн хүний нэгээр сонгогдоод байсан, хурандаа С.Сайнцог ажиллаж байгаа гэнэ. “Монголын шинэ тосгон” ТББ-ын тэргүүн К.Марина “Манайх 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 21 аймагт хүрч ажилладаг. Монголд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гачуурт тосгоны удирдлагатай 2006 оноос хамтарч ажиллалаа. Иргэд нэгдэж, зам засаж байгаагаараа энэ ажил онцлог” гэв. 3.8 км сайжруулсан шороон зам тавихад хамгийн багадаа 240 сая төгрөг шаардлагатай байжээ. Хэн нэгнийг харах бус, өөрсдөө хийж бүтээвэл болдгийг энэ үйл явдал харуулж байна.