Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү өнөөдөр Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 14-р цэцэрлэгийн их засварын төсөл”, “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн засварын төсөл” болон “Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Гүн-Галуутай” цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эл гурван төсөлд гарын үсэг зурснаар “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх нийт төслийн тоо 300 давсан нь тэмдэглүүштэй юм.
Дээрхи гурван төсөлд нийт 232.938 ам.доллар буюу ойролцоогоор 454.229.100 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр төсөл хэрэгжсэнээр 2015 оны Японы санхүүгийн жил (2015.04.01-2016.03.31)-д “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 11 болж байгаа бөгөөд нийт 865.684 ам.доллар буюу ойролцоогоор 1.662.773.960 төгрөг болох юм.
Япон улсын Засгийн газар нь Монголын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглан Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллахын зэрэгцээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж буй аж.
Дашрамд дуулгахад, Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламж үзүүлэх төсөлд Японы дипломат төлөөлөгчийн газрууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.