Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ үед гадаадаас манай орныг зорих жуулчид нэмэгдсэн. Гэвч манайхан жуулчдыг татах бус үргээх зүйл хийсээр байна. Тухайлбал, өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Голландын жуулчдад үйлчилж байсан 16-36 УНУ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашин онхолдсон байна.
Ослын улмаас 45 настай жуулчин эмэгтэй газар дээрээ нас барж, түүний нөхөр болон орчуулагч Г гэх эмэгтэй хүнд гэмтсэн гэнэ. Уг машины жолооч Ж-ыг замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс осол гаргасан байж болзошгүй хэмээн буруутган, шалгаж буй юм байна. Мөн энэ өдөр БНХАУын хоёр иргэн зорчиж явсан “Ниссан” маркийн автомашин Дорноговь аймгийн нутагт онхолдож, өмнөд хөршийн иргэд газар дээрээ нас барсан гэнэ.