Монгол Улс төрийн өмчит 10 компанийн хувьцааг ойрын жилүүдэд арилжихаар төлөвлөж буйг “Bloomberg” мэдээллээ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” компани багтаж буй гэнэ. Далайд гарцгүй Монгол Улс 1.3 их наяд ам.доллараар үнэлэгдэх эрдэс баялгийн нөөцөөрөө хөрөнгө оруулагчдыг даллан, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийг зорьж буй хэмээн дээрх цахим хуудсанд тэмдэглэсэн байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид ирэх жилийг илүү өөдрөгөөр харж байгаа” хэмээн Лондонд ярьсныг эш татжээ.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар “Эрдэнэс Тавантолгой”-н 20-30 хувийг дараагийн 2-3 жилд Лондон эсвэл Хонконгийн хөрөнгийн биржид арилжиж, санхүүжилт босгож магадгүй” хэмээн өгүүлжээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Эрдэнэс Тавантолгой” компани хаалттай гэсэн статустай байгаа. Эхний ээлжинд нээлттэй, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болох ёстой. Энэ талаар бид хэлэлцэж байгаа, 2015 онд багтан нээлттэй хувьцаат компани болох болов уу. Монголд ийм том хэмжээний компанийг бүрэн санхүүжүүлэх боломж хараахан бий болоогүй” гэв. Тус компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болбол иргэдийн эзэмшиж буй хувьцаа баталгаажих бөгөөд хэрэв УИХ-аас шийдвэр гаргавал иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцаагаа худалдах, худалдан авах нөхцөл бүрдэх аж. Олон улсын дээрх хоёр хөрөнгийн биржээс гадна Торонтогийнхыг сонгохыг ч үгүйсгэхгүй гэнэ. Гэхдээ Монгол Улс Лондоны хөрөнгийн биржтэй мастер гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагчдыг татах илүү боломжтой нь гэж үзэж байгаа бололтой.
Ц.Болормаа