Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг энэ зун манай орны ихэнх нутгаар зуншлага гантай болон гандуу байгаа хэмээн мэдээлсэн. Гамшгийн үнэлгээ хийхэд 12 аймгийн 133 сумдын 66 нь гантай, 67 нь гандуу зусаж байгаа аж. Ихэнх аймгуудад олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадас харьцангуй бага орж байгаа. Тэгвэл өчигдөр Баян-Өлгийн аймгийн уулархаг нутгуудад нойтон цас орж, зарим хэсэгт цасаар шуурчээ.
Энэ талаар тодруулахаар Баян-Өлгий аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний албаны синоптик инженер Х.Жагсалагтай холбогдлоо.
-Өчигдөр танай аймагт цас орж, цасан шуурга болсон гэсэн. Аймгийн аль хэсэгт цас орсон бэ?
-Долдугаар сарын 6-ны өдөр аймгийн төвд бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орлоо. Гэхдээ өнөөдрөөс дахин дулаарч, цаг агаар өнөөдрийн байдлаар хэвийн байна. Цаг агаар эрс хүйтэрч, уулархаг нутгаар цас орох талаар манай цаг уур, орчны шинжилгээний алба малчдад сэрэмжлүүлэх мэдээлэл бэлдэж, орон нутгийн телевиз, радиогоор урьдчилан анхааруулга өгсөн.
-Танай аймагт зуны дунд сард цас орж байсан тохиолдол ажиглагдаж байв уу?
-Би аймгийнхаа ус цаг уур, орчны шинжилгээний албанд 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд зуны дунд сард цас орж байгаагүй.
Нутгийн ахмадууд зуны дунд сард цас орсон нь ирэх өвөл хүйтэн болохын шинж хэмээж буй. Цас орсны улмаас хонины ноос хяргах ажил хэд хоног хойшилсноос өөр ноцтой сөрөг үр дагавар гараагүй байна.