Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдөр УИХ-ын чуулганаар баталж, ирэх есдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэхээр шийдвэрлэлээ.
Ирэх намраас мөрдөж эхлэх шинэчилсэн хуулинд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол нэг сая төгрөгөөр торгож, дахин давтвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ. Түүнчлэн зам тээврийн осолд сургуулийн бага ангийн насны хүүхдүүд өртөх хандлага их байдаг тул 10 хүртэлх насны хүүхэд ганцаар замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртвөл эцэг эхэд нь хариуцлага тооцож, 48 000 төгрөгөөр торгохоор тусгажээ.
Түүнчлэн жолоочийн дадлага туршлагагүй байдал, онолын мэдлэггүйгээс зам тээврийн осол гарвал сургасан жолооны курс, багшид хариуцлага тооцдог болохоор тусгажээ. Өдгөө мөрдөгдөж байгаа хуулинд зааснаар осол зөрчил анх удаа болон давтан гаргаж буй жолооч нарыг ижил мөнгөн дүнгээр торгодог байдал ч өөрчлөгдөх аж.