Үндэсний их баяр наадмаар хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааны удирдамж, зөвлөмжийг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон бусад албаны хүмүүс танилцуулж мэдээлэл хийлээ.
Хурдан морины унаач хүүхдийн бүртгэлийг долоодугаар сарын 9-12-нд өглөөний 8 цагаас оройн 22 цагийн хооронд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт хийх юм байна. Түүнчлэн MNS6264:2011 стандартын шаардлага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцастай, 7-оос дээш насны, ослын даатгалд хамрагдсан унаач хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулах аж.
Унаач хүүхэд бүртгүүлэхээр ирэхдээ :
-Төрсний гэрчилгээний хувилбар
-Бүртгэлийн хураамж 25 мянган төгрөг
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
-Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг
-Ослын даатгалын баталгаа зэргийг авчирна.
Мөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлд үндэслэн бүртгэл хийх юм байна.
Даатгалын Монгол, Практикал, Мандал, Миг, Соёмбо, Монре, Хаан зэрэг компаниуд даатгал хийх бөгөөд хурдан морины унаач хүүхдийг доод тал нь 5 сая төгрөгөөр даатгалд хамрагдах ёстой аж.
Уралдааны үед унаач хүүхдэд тавигдах шаардлага нь:
-Стандартын шаардалага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцасыг өмсүүлсэн байх
-Даатгалд заавал хамрагдсан 7-оос дээш насны
-Морь уралдах цагийн хуваарийг баримталж, товлосон хугацаанд морио шүдлүүлэхээр ирсэн байх
-Ямар нэг шалтгаанаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин оруулахгүй
-Хамгаалах хэрэгсэлгүй бол уралдаанд оролцуулахгүй болохыг хатуу анхаарах хэрэгтэй гэнэ.
ХТҮГ-ын дарга И. Нарантуяа “Хурдан морь унаач хүүхэд өөрөө болон түүний эцэг, эх, ар гэр, хяналтын байгууллагынхан хэн хэндээ шаардлага тавьж байх нь чухал үүрэг гүйцэтгэх стандарт юм” гэлээ.
Дашрамд дурдахад, Одоогийн байдлаар 8000 гаруй хүүхэд хурдан морь унах бүртгэлтэй байдаг ба хугацаа нь дуусаж байгаа бол сунгуулж, дахин даатгалд хамрагдахаа мартуузай.