Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэр үеэс хойш 21 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10 бөх нь амжилтаа ахиулж цол нэмжээ.
Өнгөрсөн 2014 оны хурдан удмын дааганы эзэн нь хурдан удмын даагаар цолоо мялаалгасан Засагт ханы Завхан дэвжээний бөх, залуу начин Б.Бадамсүрэн байсан юм. Түүнд Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тод манлай уяач Г.Ононгийн адуун сүргийн хурдан удмын даагыг гардуулан өгсөн юм. Энэ жил ч мөн уламжлал ёсоор хурдан удмын даагаа зэхээд байгаа бөгөөд Монгол Улсын тод манлай Д.Ононгийн адуун сүргийн хурдан удмын хүлэг аж.
Монголын Залуучуудын холбооноос гардуулдаг хурдан дааганы эзнээр залуу бөх Ц.Баянмөнх /1995/, Залуу бөх О.Одгэрэл /1996/, залуу бөх Г.Элбэг /1997, аймгийн арслан Б.Ганбат /1998/, залуу бөх Д.Сэржбүдээ /1999/, аймгийн арсланБ.Одхүү/ 2002/, аймгийн арслан Х.Мөнхбаатар / 2001/, аймгийн арслан Д.Азжаргал /2002/, аймгийн арслан Ж.Гансүх /2003/, аймгийн арслан Т.Энхтуяа /2004/, аймгийн арслан Д.Батболд /2005/, аймгийн арслан М.Өсөхбаяр / 2006/, аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /2007/, Шоовойхүү /2008/, аймгийн арслан Ц.Содномдорж /2009/, Б.Заяамандах /2010/, А.Батмөнх /2011/ нар тус тус тодорч байжээ. Харин 2012 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Б.Сугаржаргал, 2013 оны хамгийн залуу начнаар Увс аймгийн харьяат, Увс нуур дэвжээний бөх Т.Баасанхүү тодорч Увс аймгийн харъяат, МУ-ын алдарт уяач Д.Цэнд-Аюушийн уяаны Хан хөхийн угшлийн хурдан удмын зээрд дааганы эзэн болж байсан.