Улаанбаатар хотын нийт хүн амын талаас илүү хувь зуншдаг Шарга морьтоос Хандгайт чиглэлийн замын ажлын нэг хэсэг нь Шарга морьтийн төмөр бетон шинэ гүүрийн ажил юм. Нийт 2.2 тэрбум төгрөгийн өртгөөр бүтэх уг гүүрийн ажлыг Мотор Сервис ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрийн бүтээн байгуулалт 15 хувьтай байна. Ажлын явц элдэв саадгүй явагдаж НАЗГ-тай байгуулсан ашиглалтанд оруулах хугацаанаасаа наана ч өгч магадгүй байгаа аж. 50 метр урт, 29.1 өргөнтэй уг хос гүүр нь Шарга морьтийн 9 метр, Хандгайт хүрэх 7 метр өргөнтэй замыг холбон Сэлбэ гол дээгүүр дамнаж байрлана. Гүүрийн байгууламжийн авто замаас ялгарах онцлогийг харгалзан тус гүүрийг нилээн өргөн хийсэн нь ирээдүйд тухайн хэсгийн авто замыг дахин өргөтгөж болзошгүйтэй холбоотой ажээ. Нэгэнт бүтээн байгуулсан гүүрийг өргөтгөх боломж хомсын дээр зайлшгүй тохиолдолд дахин шинээр, өндөр зардлаар барих шаардлага гардаг. Монгол улс 50 жилийн өмнөөс зам ын байгууламжид төмөр бетон гүүрийг барьж ашиглаж иржээ.