Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чинхай нараар ахлуулсан Монгол, Хятадын дэд сайдын түвшний ажлын хэсгийн гуравдугаар уулзалт Улаанбаатарт болж өндөрлөв. Энэ үеэр манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын дээрх байгууллагын хооронд санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг нь Монгол Улсаас урд хөршид хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн (бууз, банш) экспортлох тухай юм. Түүнчлэн талууд манайхаас БНХАУ-д адууны ясны гурил экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн тухай протоколд гарын үсэг зурав.
Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагаа сэдвээр хэлэлцсэн тус уулзалтын үеэр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гуравдагч оронд экспортлоход хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх хорио цээрийн болон Монголоос өвс хадлан, малын тэжээлийг БНХАУ-д нийлүүлэх асуудлаар санал солилцон, шийдвэрлэхэд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Мөн хоёр талын Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн хатавч боомтоор улаанбуудай, рапс, хивэг, өвс, малын тэжээлийг манай улсаас экспортлоход БНХАУ-ын хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэхээр болсон юм. Дараагийн уулзалтыг 2017 онд БНХАУ-д зохион байгуулна.
Ц.Болор