П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас гран при шагнал хүртсэн гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80, ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналтан, гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20, “Авьяаслаг Азичууд” олон улсын уралдаант нэвтрүүлэгт амжилттай оролцсон “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Засгийн газраас шийдвэрлэснийг өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардууллаа.
Энэ үеэр Засгийн газрын тэргүүн “П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцоно гэдэг бахархал. Оролцоод магнайлсан Г.Ариунбаатарын шагнал бол олимпийн аварга Н.Түвшинбаярын амжилттай дүйцнэ. Э.Амартүвшин маань оролцсон тэмцээн, уралдаан бүртээ амжилт гаргаж, дэлхийн дуучдыг өнгөлж яваа. “Cardiff Singer of the World” уралдаанаас үзэгчдийн талархал хүлээнэ гэдэг хамгийн том шагналыг нь авснаас ялгаагүй. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын амжилт манай улсын дуурийн урлагт шинэ сургууль гарч ирснийг дэлхийд харуулж байна. Та хоёр урлагийн тайзнаа өөрсөд шигээ олон дуучин бэлтгэж, булган сүүлтэй байгаарай.
Засгийн газраас гадаадын жуулчдыг татах, дэлхийд эх орноо сурталчлахад чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний үйл ажиллагаанаас дутахааргүй, том сурталчилгааг “Хөсөгтөн” хамтлаг хийж чадаж байна. Монголын соёл урлаг шавхагдашгүй, өвөрмөц бөгөөд дэлхийн брэнд болж чадна гэдгийг та бүхэн харуулж байна. Алдартнуудаа төрийн дээд одон, медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 1998 онд санаачилж, хэрэгжүүлсэн. Үүнийг бид өнөөдөр ч амжилттай хэрэгжүүлж байна. Гялалзсан авьяастнуудаа дэмжих бодлогыг Монголын төр, Засгийн газар баримталж ажиллана” хэмээсэн. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.
Г.Ариунбаатар: ЗЭЭЛ АВЧ, ЭД ЗҮЙЛЭЭ БАРЬЦААНД ТАВЬЖ УРАЛДААНД ОРОЛЦДОГ БАЙСАН
-П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд дөрвөн жилийн өмнө Э.Амартүвшин хоёрдугаар байр эзлэх үед би өөртөө зорилго тавьсан. Дөрвөн жилийн турш бэлдсэн гэхэд болно. Хөдөлмөрийнхөө үр дүнг харсандаа баяртай байна. -Уралдаан, тэмцээнд оролцоход санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг вэ? -Бид цалингийн зээл авах, эсвэл машин, эд зүйлээ барьцаанд тавьж л оролцдог байсан. Одоо арай гайгүй болсон. Бизнесмэн, хуурай ах, дүү нар маань дэмждэг. П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан гэхэд бүтэн сар үргэлжилсэн. Уралдаан зохион байгуулагчдын зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг ч зардал ихтэй.
Э.Амартүвшин: МОНГОЛ ХҮНИЙ ЧАДЛЫГ ХАРУУЛСАН ЧИГЛЭЛ ГАРЧ ИРЛЭЭ
-Төр засаг хийсэн, бүтээснийг минь үнэлж шагнал гардуулсанд баяртай байна. Цаашид энэ эрчээрээ эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөж явахыг хичээх болно. Бид Болгар, Оросын школтой. Харин одоо Монгол хүний өнгө төрх, хоолойн өнгө, чадлыг харуулсан чиглэл гарч ирлээ гэж үзэж байгаа.
“Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд: МОНГОЛ ХҮН БОЛСНЫ ХЭРГЭЭ БҮТЭЭЛЭЭ
-Монгол нутагт монгол хүн болж төрсөн хэргээ бүтээлээ гэж манай хамтлагийнхан үзэж байна. “Авьяаслаг Азичууд” тэмцээний үеэр “Хөсөгтөн” хамтлагтай хамт байсан Монголын ард түмэндээ, харийн нутагт суугаа монголчууддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө ямар байна вэ?
-Уралдаан гэхээс илүү үндэсний баяр наадмын тоглолтуудад уригдсан. Намар гадаадад хийх аялан тоглолтуудын хуваариа гаргасан.
Б.НОМИН