“Энэ бол ганц Авто худалдааны цогцолбор биш юм байна. Хотын баруун бүсийн худалдаа, үйлчилгээ төвлөрсөн томоохон байгууламж болох нь. “Нарантуул” захыг зорих хэдэн мянган машин урсгалыг энэ цогцолбор хааж, тэр хэмжээгээр хотын төвийн замын түгжрэлийг бууруулна” гэж хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хавар цогцолборын ажилтай танилцах үеэр онцолжээ. Сонгинохайрхан дүүрэгт Авто худалдааны цогцолбор байгуулах нь Улаанбаатарын хотын замын түгжрэл, ослыг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлыг багасгах зорилготой шийдвэр байв.
Тус цогцолборыг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээний төв болгохоор ажиллаж буй билээ. Цогцолбор нийт 130 га газрыг хамрах бөгөөд 30 га-д нь одоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ. Гол ажил болох 6375 машины зогсоолыг барьж дуусгаад бүрэн камержуулж, гэрэлтүүлэг тавьжээ. Энэ нь 36 км замын урттай дүйцэхүйц, 20.4 га талбайг хамарсан ажил юм байна. Улсын комисс өнгөрсөн сарын дундуур зогсоолуудтай танилцаж, өдгөө дүгнэлтээ гаргах л дутуу гэнэ. Дүгнэлт гаргачихвал зогсоолуудынхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж, худалдаж авсан иргэдэд өгөх боломж бүрдэх юм.
Цогцолборт Улсын бүртгэлийн газар, банкны байр, цайны газар барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 48 ам метр хэмжээтэй сэндвичин барилга цөөнгүйг барьсан байв. Нэг бүрийг нь 40 сая төгрөгөөр худалдаж буй. Тэдгээрийн ихэнхэд нь цайны газар, үлдсэнд нь Авто тээврийн үндэсний төв, улсын дугаарын үйлдвэр, даатгалын үйлчилгээ, банк байрлах аж. Тэнд барьсан ихэнх барилгаа борлуулжээ. Гол ажлуудын нэг болох 22-ын товчооноос цогцолбор хүрэх 1.5 км замыг өнгөрсөн даваа гаригт тавьж эхэлсэн аж. Хөрөнгийг нь нийслэлийн энэ оны төсвөөс гаргаж байгаа гэнэ. Дэд бүтцийн хувьд цахилгаанд бүрэн холбосон, одоогоор цэвэр, бохир усны шугам сүлжээгээ татаж байна.
Харин цогцолборын доторх авто зам, явган хүний зам, тохижилт, ногоон байгууламжийн ажил дутуу байв. Үлдсэн ажлаа энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ. Дуудлага худалдаагаар газар авсан аж ахуйн нэгжүүд ч ажлаа эхлэхээр нийслэлийн Өмчийн харилцааны газраас авах зураг төслөө хүлээж буй аж. Цогцолборынхон зогсоолынхоо 30 гаруй хувийг борлуулчихаад байгаа гэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сараас зогсоолын борлуулалт нэлээд муудаж байсан ч энэ хавраас сэргэж эхэлсэн гэж албаны хүмүүс өнгөрсөн мягмар гаригт тайлбарлаж байлаа. Нийслэлийн хэмжээн дэх томоохон хэмжээний бүтээн байгуулалт гэдэг утгаар нь арилжааны банкууд ч дэмжиж, уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй, зарим нь барьцаа хөрөнгө шаардахгүй зээл тусгайлан олгосон байна.
ХАС барьцаагүй, “Голомт” 20, ХААН банк 15 хувийн урьдчилгаа авч, бага хүүтэй зээл олгож буй гэсэн. Авто худалдааны цогцолборыг ашиглалтад оруулснаар энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийн ажил, үйлчилгээ баталгаажиж, албан ёсных болохоос гадна тодорхой хугацааны дараа ажлын байрны нөхцөл сайжирч, бизнес эрхлэх байршил, объектыг өмчлөх зэрэг үр дүн гарна гэж тооцож байгаа. Тиймээс эхэн үед эсэргүүцэж байсан бизнес эрхлэгчид өнөөдөр нэлээд сайн ойлголттой болжээ. Үүнээс гадна ОХУ, Казакстан зэрэг улс руу автомашины болон сэлбэгийн реэкспортыг нэмэх төлөвлөгөөтэй байна.
Ч.МӨНХЗУЛ