Амьдарч байгаа дүүргийнхээ хөгжил, цэцэглэлттэй танилцан бахархаж, олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулсан “Баянгол дүүрэг” гэрэл зургийн уралдааны дүн өчигдөр гарлаа. Залуусын дүүрэг, түүхтэй район, хотын өнгө гээд олон сэдэвт хувааж болохоор 75 бүтээлийг гэрэл зурагчид энэ уралдаанд сойжээ. Шөнийн Улаанбаатарыг дурандаа буулгасан Х.Түшигийн бүтээл нэгдүгээр байр эзэлж, 800 мянган төгрөгөөр шагнуулсан бол Баянгол дүүргийн илэрхийлэл болсон III хорооллыг 1985 онд гэрэл зургийн хальсанд буулгасан бүтээл хоёрдугаар байрт шалгарчээ.
Энэ зургийг манай сонины Гэрэл зургийн албаны даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун авсан юм. Тэрбээр залуу, дунд үеийн сэтгүүлчдэдээ үлгэр дуурайл болж, уран бүтээлээсээ холдолгүй, үргэлж л ямар нэгэн шинэ сонин мэдээлэл хуваалцаж, ярилцлага, нийтлэлийн санаа хэлж явдаг болохоор уралдаанд оролцож, дэд байрт шалгарсанд нь манайхан маш их баярлаж байгаа.
Чулуун ах минь та урт насалж, удаан жаргаарай. Олон сонирхолтой сэдэв бидэнд санал болгож, ойр ойрхон редакцаараа зочлоорой. “Баянгол дүүрэг” гэрэл зургийн уралдааны гуравдугаар байрын шагналыг “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага хүртсэн бол тусгай байрын шагнал хүртсэн таван зурагчны дунд манай зурагчин Б.Мөнх-Эрдэнэ багтлаа.
С.СЭРГЭЛЭН